ОФФШОРТОЙ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

485

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хэдхэн хоногийн өмнө өөрийн засаглалын хамгийн чухал, гол үүрэг гүйцэтгэх албан тушаал болох АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг томилж, тангарагийг нь өргүүллээ.

Энэхүү албан тушаалд тэрээр өөрийн нас чацуутан, дэлхийн хамгийн том энергийн компаниудын нэг болох “Exxon Mobil”-ын гүйцэтгэх захиралын ажлыг арваад жил гүйцэтгэсэн Рекс Тиллерсон гэгчийг томилсон юм.

Сонгогдсон цагаасаа хойш барууны томоохон хэвлэлүүдээр “алдарт” Путинээс ч илүү шүүмжлэл хүртэх болсон Трамыг Төрийн нарийн бичгийн даргаа томилох сураг гарсантай зэрэгцэн Германы Süddeutsche Zeitung сонингоос Рекс Тиллерсоныг Бахамын арлуудад бүртгэлтэй Орос, АНУ-ын хамтарсан оффшор компанийн захиралаар олон жилийн турш ажиллаж байсан талаар мэдээлэл дэлгэсэн юм.

Трампын улс төрийн бодлого, томилогоо тэр байтугай гарны хэмжээ, эхнэрийнх нь гутлын өсгийг хүртэл шүүмжилж буй АНУ-ын хэвлэл, олон нийт харин энэхүү мэдээлээс Рекс, Путин нарын ойр дотно харилцаа болон Доналд Трампын үнэмлэхүй ялалтад Оросын оролцоо орсон эсэх зэрэг өмнө яригдаж байсан асуудлуудыг л өлгөн авч, асуудал хөндсөн нь мэдээлэл “тараагч”-ийн урмыг хугалсан буйзаа. Чухам юуны учир шударга ёс, эрүүл бизнесийн үлгэр дуурилал болсон АНУ-д монголчууд бидэн шиг “оффшор”-т бизнес эрхлэгчдийг үзэн ядаж, үгүйсгэлгүй, шоронд хийж, шонд өлгөх санаачлага гаргалгүй, Төрийн өндөр албан тушаалд томилох болов?

Шинэхэн ерөнхийлөгчийнхөө үсний засалт, үйл хөдлөл бүрийг нь шүүмжилж буй Америкчууд яагаад татварын диваажин Панамад байрлах 70 давхар тансаг Трамп цамхагийг “эх орон”-доо авчирч, олон нийтийн өмч болгон орлогыг нь хураах талаар ярихгүй байна гэдэг нь сонин.

Тэр ч бүү хэл АНУ-ын технологийн гигант Apple корпораци өөрийн бэлэн мөнгөний нөөцийн 94 хувь буюу 210 гаруй тэрбум долларыг татваргүй оффшор бүсэд хадгалж байхад эдийн засгийн эрс шийдэмгий, хатуу бодлого баримталж буй Трамп үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүлсэн тохиолдолд татварын “маш том” хөнгөлөлт үзүүлэх амлалт тавин гуйж, татварын реформ хийх төлөвлөгөө гарган сууна.

Энэ бүхний учир нь ердөө л шударга хөдөлмөр, эрүүл зарчимаар олсон орлого, бүтээсэн бизнесийг үнэлэх үнэлэмж капитализмын эх оронд төлөвшсөн хэрэг. Эдийн засгийн хүндрэл, өр зээлийн асуудалтай байгаа манай орны хувьд ч эрүүлээр бизнес эрхлэн буй бизнес эрхлэгчдээ дэмжих, бусдын хөдөлмөрийг үнэлж сурахад энэ асуудал бас нэгэн сургамж болов уу.

Ямартай ч “оффшортой” Төрийн нарийн бичгийн дарга маань ажлаа авсан даруйдаа Ерөнхийлөгчийн цагаачлалын бодлогогыг эсэргүүцэн 1000 гаруй гарын үсэг цуглуулаад байгаа Төрийн департамент буюу Гадаад харилцааны яамны ажилтнууддаа гадагшаа хандахад “дотоодын эв нэгдэл” нь чухал болохыг онцлон хэлжээ. Бас л сургамж авах асуудал…

Н.Бат-Орчих