‘Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 20-нд өөрийн Засгийн газрын яам, агентлагийн албаны нөхдүүдтэй уулзахдаа хариуцлагагүй мэдэгдэл хийлээ’ хэмээн АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдэгдлээ. АН өр тавьдаг МАН өрийг барагдуулдаг гэсэн мессежийг олон нийтэд өгч, хэт улстөржүүлж байгаад АН-ын зүгээс туйлын харамсаж байна гэв.
Ерөнхий сайд мэдэгдэлдээ бондын өрийг төлж дууссан хэмээн хэлснийг “Энэ 2012 оны гуравдугаар сард тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын үед гаргасан евро бондын төлбөрийг буюу өрийг өрөөр дарах замаар Хуралдай бондыг гаргаж байж төлсөн. Үүнийг бүрэн төлж барагдууллаа хэмээн төлсөн мэтээр буруу, хариуцлагатай үйлдэл хийлээ” гэсэн юм.
Евро бонд 5.75 хувийн хүүтэй, харин Хуралдай бонд нь 8.75 хүүтэй бонд гаргаж, өрийг өрөөр дарсан. Зөвхөн хүүний зөрүүнээс улсад 358 сая ам.долларын хохирол учирч байгаа гэдгийг тэрбээр онцоллоо.
Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсанаасаа хойш есөн сарын хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангахад хангалттай хэмжээнд ажиллахгүй байна хэмээн шүүмжиллээ. Ерөнхий сайд цаашид энэ мэт худал мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийхийг зогсоох хэрэгтэй гэв.
Түүнчлэн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэд хэдэн асуудлаар АН-аас байр сууриа илэрхийлэв. Үүнд:
ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон С.Баярын асуудлаар ардчиллын соёлд суралцсан шинэ үе бий болж байна гэв. Тус эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж буй иргэн н.Ичинхорлоо гэдэг эмэгтэйд баяр хүргэх хэрэгтэй. Хэрэв иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд дарамт учруулсан тохиолдолд дипломат албан тушаалтныг огцруулах хүртэл арга хэмжээг АН-аас авна гэлээ.
Түүнчлэн АНУ-ын шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Рикс Теллерсон өнгөрсөн долоо хоногт Зүүн Хойд Азийн орнуудаар буюу Токио, Сөүл, Бээжинд айлчилсан. Анхны гадаад айлчлалаа манай бүс нутгаас эхэлсэн боловч Улаанбаатарт ирээгүй нь Гадаад харилцааны яамнаас гаргасан томоохон алдаа хэмээн О.Магнай хэллээ. Гадаад харилцааны яам гуравдагч хөршийн бодлогыг тэргүүлэх зэрэгт тавих ёстой. Энэ асуудал дээр идэвхтэй, санаачлагатай ажиллах хэрэгтэй хэмээн АН үзэж байгаа аж.