МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдөл гаргажээ. БСШУС-ын сайд Ж.Батсуурь түүний хүсэлтийг хүлээн авч, өнөөдрөөс эхлэн оронд нь захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилсон байна.
Шинэ захирлын ажлыг хүлээлцэхэд МУИС-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга, БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг тэргүүтэй албаны хүмүүс хамт байв.
Я.Төмөрбаатар нь Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын үед АН, МАН хоёр хамтарч засаг байгуулахад МАН-ыг төлөөлж, БСШУ-ы дэд сайдаар томилогдон ажиллаж байсан.
Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн аж. 1999-2007 онд “Кёкшюүзан хөгжил сан”-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.
МУИС-ийн захирлыг хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилох юм.