Лестэр Сити шөвгийн наймд шалгарлаа

554

Өнгөрсөн жил Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлж шуугиан тарьсан Лестэр Сити клуб өнгөрсөн шөнө аваргуудын лигийн хасагдах шатанд Испанийн Севийя клубтэй учраа таарч, талбайдаа 2:0 онооны харьцаагаар ялалт байгуулжээ. Ингэснээр тэд шөвгийн наймд орох эрхээ баталгаажуулсан юм.

Тоглолтын эхнээс Севийя клуб эрчимтэй довтолгоо зохион байгуулж, гоол оруулах гэж хичээж байсан ч байндаа тусахгүй байлаа. Зөвхөн эхний хагасын 20 минутад Севийя клуб таван ч удаа булангийн цохилт гүйцэтгэжээ. Ингэж байсаар тоглолтын 27 дахь минутад эзэн багийн Рияд Марез чөлөөт цохилт гүйцэтгэж, улмаар хамгаалагч Вес Морган мөргөн гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирчээ. Тоглолтын нэгдүгээр үед өөр гоол оролгүй байсаар өндөрлөсөн.

Харин тоглолтын хоёрдугаар үе эхэлмэгц гоол алдсан Севийячууд олон аюултай боломж үүсгэсэн ч гоол болгож чадсангүй. Үүний дараа эзэн багийн сөрөг довтолгоо амжилттай болж тоглолтын 54 дэх минутад хагас хамгаалагч Марк Олбрайтон 16 метрийн шугам дотор гайхалтай цохилт хийж, тэр нь чулуу болсон юм. Ийнхүү эздийн давамгайлал улам баталгаажсан. Хоёр дахь гоолыг алдсаны дараа Севийягийн довтолгоо ширүүссэн хэдий ч гоол оруулж чадалгүй байсаар тоглолт өндөрлөжээ.

Буурал тивийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд анх удаа оролцож байгаа Лестэр Сити клуб шөвгийн наймын шатанд ийнхүү шалгарсан юм. Ялалт байгуулсан Лестэр Сити клуб Английн премьер лигт 15-р байрт жагсаж байгаа бол Севийя клуб Испанийн Ла Лигийн хүснэгтийн гуравдугаар байрт 57 оноотойгоор жагсаж байна.

Эх сурвалж: espn.com