Нэг жилийн өмнө нам байгуулж байсан 39 настай залуу Францын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

525

Үндсэрхэг үзэлтэн Марин Ле Пэний хүч түрэлттэй ширүүн тэмцэж, имэйлээ хакеруудад дэлгүүлж, хуурамч мэдээллүүдээр бөмбөгдүүлсний эцэст 39 настай Эммануэл Макрон Францын ерөнхийлөгчөөр сонгогдож, 62 настай Франсуа Олландыг залгамжлахаар боллоо. Сонгуулийн үр дүнгийн 98 хувь нь тодроод байхад Макрон 65.8 хувийн санал авч, Марин Ле Пэн 34.2 хувийн санал авсан нь тодорхой болжээ.

Франц бол 67 сая хүн амтай, дэлхийн долоо дахь том эдийн засагтай орон. Цөмийн зэвсэгтэй, бас цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээвэрлэгчтэй нь Францаас гадна ганцхан Америкт л байдаг зэвсэг. Европоос гадна Өмнөд Америк, Карибын тэнгис, Африкт өөрийн газар нутагтай.

Энэ бүх хүч чадлыг тэгвэл 40 хүрээгүй залуу жолоодохоор боллоо.

Макроны тэргүүлдэг “En Marche” улс төрийн нам нь дөнгөж нэг жилийн өмнө байгуулагдсан. Улс төрийн шинжээчид түүнийг Францын Билл Клинтон, Францын Тони Блэйр хэмээн нэрлэж байна.

Клинтон АНУ-ын түүхэнд сонгогдсон гурав дахь хамгийн залуу ерөнхийлөгч болохдоо 46 настай байсан. Тэгвэл Тони Блэйр 1997 онд Британий ерөнхий сайдын суудалд суухдаа 44 хүрч байжээ. Зөвхөн нас ойролцоогоор нь бус, улс төрийн үзэл баримтлалаар нь Макроныг тэдэнтэй харьцуулж байгаа юм.

Гэвч тэдний улс төрийн кариер эртнээс эхэлсэн байсан бол Макрон дөнгөж 2012 онд улс төрд орсон юм. Түүнээс өмнө тэрээр банкир, Социалист намын гишүүн байсан.

Түүний нам нь хэт барууны, хэт зүүний үзлийн алдаа дутагдлуудыг шүүмжилж, төв үзлийг баримталдаг. Макрон нь дэлхийн том гүрнүүдийн удирдагч нараас Generation X үеийн хоёр дахь төлөөлөл болж байна. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо түүнээс өмнө энэ үеийн цор ганц төлөөлөл байсан юм.

Generation X гэдэг нь хүн ам зүйн онолоор 1960-аад оны дундаас 1980-аад оны эхэн хүртэл хугацаанд төрөгсдийг хэлдэг юм. Тэднээс өмнө Baby Boomers буюу дэлхийн хоёрдугаар дайны дараах хүн амын үсрэнгүй өсөлтийн үеийнхэн дэлхийг удирдаж байв.

Харин Generation X үеийнхэн тэдний сүүдэрт явсаар өдийг хүрсэн юм. Тиймээс Эммануэл Макроныг Францчууд сонгосон нь улс төрийн элит хүрээнд үе солигдож эхэлсний шинж. Мөн Generation X үеийнхэн өмнөх үеийнхнийхээ давамгайлсан улс төрд нөлөөлж чадах эсэхийг харах цаг ирж байна.

Эх сурвалж: AP