“Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаарай
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ, Янжинлхамууд минь ээ…” хэмээн нэгэнтээ яруу найрагч М.Билэгсайхан шүлэглэсэн нь бий. Үнэхээр ч эрчүүд үгүй бол эх орон эзгүйрэх билээ. Монгол Улсын хүн ам хүйсийн бүтцийн хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс олон.
Түүнийг Баасандорж гэдэг. Өрх толгойлсон эцэг. 35-хан насандаа хань нь хорвоогоос одож, гурван охинтойгоо үлдсэн. Энхрийлэн угтах хань ижилгүй сэтгэлээ хааяа архиар тайтгаруулах нь бий. Өрх толгойлсон ээж биш аав учраас төр нь тоохгүй. Гэсэн жаргал, зовлон, баяр гуниг бүхэнд гурван охиныхоо аавын бас ээжийн үүргийг гүйцэтгэнэ. Хань ижилтэй больё гэхнээ чадахгүй. Гурван охиноо хойт эхийн гарт өсгөхгүй гэсэн дээ тэр. Ийм аавууд Монголд яг хэд вэ. Эрчүүдийн нийгэмд эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс илүү юу.
Түүнийг Батхүү гэдэг. МУБИС-ийг төгссөн. Дээд боловсролтой. Одоогоор ажилгүй. Тиймээс шөнө халтууранд явна. Эхнэр нь багш мэргэжилтэй. Олны дунд ажиллаж байгаа болохоор эхнэрээ гоёход гар татдаггүй. Харин өөртөө анхаарал тавих нь ховор. Өвдлөө гэхнээ эмнэлэгт очихгүйгээр эм аваад уучихдаг. Монгол эрчүүд гүндүүгүй, хэнэггүй л гэдэг. Гэхдээ яагаад вэ?
Эрчүүд яагаад уйлах эрхгүй вэ. Монголын нийгэмд сэтгэлзүйн болоод бие махбодийн хүчирхийлэлд өртдөг эрчүүдийн тоо судалгаа байна уу. Эрчүүдийн асуудал болгон яагаад хоёрт тавигддаг вэ. Эдгээр асуултын хариуг NEWS агентлаг хайлаа.
НАЙМДУГААР САРЫН 8-НЫГ “МАРТЫН 8” ШИГ БОЛГОЁ
Хоёрхон хоногийн өмнө “Мартын 8” буюу эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиож, улс даяараа өргөн дэлгэр тэмдэглэн, бүх нийтээрээ баярлалаа. Баярын өдрөөр телевизийн мэдээ үзэж байхад “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн 98 хувийг эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлдэг. Харин үлдсэн хоёр хувьд нь эрэгтэйчүүд өртдөг” гэсэн судалгааг дурдаж байв.
Харин энэ тоог мэргэжилтнүүд эрс үгүйсгэж байгаа юм. Учир нь сүүлийн жилүүдэд монгол эрэгтэйчүүд архи уун гэрээсээ хөөгдөх, намын харьяаллаар ажлаасаа гадуурхагдах зэргээр сэтгэл санааны хүчирхийлэлд илүүтэй өртөх болсныг хэлсэн юм.
Мөн 2005 оноос эхлэн “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ноос жил бүрийн наймдугаар 8-ны өдрийг Монголын аавуудын баярын өдөр болгон тэмдэглэдэг болоод 10 гаруй жилийг үдэж буй. Ааваараа бахархах, аавыгаа хайрлан хүндлэх энэ л өдрийг холбогдох байгууллагууд тэмдэглэлт баярт ёслолын тоонд оруулах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн ч өдийг хүртэл дэмжигдээгүй явсаар байгаа аж.
Тус холбооноос 2009 онд Монголын эрэгтэйчүүдийн үнэлэмжийн асуудлаар 1000 хүнээс судалгаа авч байжээ. Уг судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 85.5 хувь, эрэгтэйчүүдийн 70.5 хувь нь эрэгтэйчүүдийн үнэлэмж алдагдсан гэдгийн хүлээн зөвшөөрчээ. Үүний шалтгаан нь архидалт, боловсролын ялгаа, эрүүл мэнддээ анхаардаггүй байдал, харилцааны соёл зэрэгтэй холбоотой байжээ.
СУДЛАГДААГҮЙ ЭРЧҮҮД
Монгол эрчүүдийн дундаж наслалт 64.9 бол эмэгтэйчүүдийнх 74.9 ажээ. Мөн их дээд сургуулийн магистер, докторантурт суралцагчдын 40 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бол Мэргэжил сургалтын төвүүдэд суралцагчдын 90 орчим хувьд нь эрчүүд юм. Ийн өнөөгийн нийгэмд боловсролын ялгаатай байдал нь гэр бүл салалтын бас нэгэн шалтгаан болсоор байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
“Монгол Улс гуравхан сая хүн амтай, 49.8 хувийг эрэгтэй хүмүүс эзэлдэг. Жендерт суурилсан судалгаагаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дунд судалгааг илүүтэй хийсэн байдаг. Гэвч хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийн талаарх томоохон судалгаа байхгүй байна. Монголын төрд эрчүүдээ гэсэн бодлого үгүйлэгдэж байна. Монгол эр хүнд төрийн болон гэр бүлийн хайр халамж, хүнлэг сэтгэл ихээр дутагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэдий жендерт суурилсан хүчирхийлэлд эмэгтэйчүүд их өртөж байгаа ч эрчүүдийг бас орхигдуулж болохгүй. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хөвгүүдээ эмэгтэй хүнийг хүндэлдэг, хүнтэй зөв харьцдаг, өөрийн эрүүл мэнддээ анхаардаг, амьдралаа авч явах чадвартай болгон зөв хүмүүжүүлэх хэрэгтэй” гэдгийг Монголын эрэгтэйчүүдийн холбооны зөвлөх Д.Бадамцэцэг өгүүлэв.
Тэрбээр үргэлжлүүлэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирж буй өвчтөнүүдийн дунд хийсэн судалгаанаас танилцуулахдаа эрэгтэйчүүд олон нийтийн газар бие биеэ хүчирхийлэх тохиолдол их гардаг. Мөн цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудад болон сургуулийн орчинд хөвгүүд хөвгүүдээ хүчирхийлэх нь түгээмэл гэсэн юм.
ДОТОГШОО ӨМӨРДӨГ ЭРЧҮҮД МИНЬ
Монгол Улсын Ерөнхийлөгч “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг гаргаснаар иргэний нийгмийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхан дэмжиж, нэг хэсэг идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 3000 залуус архины асуудлаа шийдвэрлэж, хот, хөдөөгүй эвслийн клуб байгуулж байсан билээ. Гэвч төр засгийн бодлого дутагдснаас эдгээр төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа дэмжигдэхгүй байгааг мэргэжилтнүүд дурдлаа.
“Монголд хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийг бүртгэх албан ёсны бүртгэл гэж байдаггүй. Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд гэр орондоо агсан согтуурч, эхнэр хүүхдээ зодсон зэрэг шалтгаанаар ихэвчлэн эрчүүдийг саатуулдаг. Харин өсвөр насны хөвгүүд бие биеэ дээрэлхэх асуудал сургуулийн орчинд түгээмэл бий. Мөн тэтгэврийн насны хөгшчүүлийг үр хүүхдүүд нь тэтгэврийг нь зээлж аваад, гэрээсээ хөөх гэх мэтээр дарамтад өртөх тохиолдол гардаг. Харамсалтай нь эрэгтэйчүүд маань энэ асуудлаар холбогдох газарт хандах нь цөөн байдаг. Ихэнх нь нуугаад, санаа зовоод хэлдэггүй” талаар “Эрчүүд, эрүүл гэр бүл” төрийн бус байгууллагын тэргүүн М.Цасчихэр ярилаа. Ийнхүү гаднаа омог бардам төрхтэй ч дотогшоо өмөрч явдаг хүмүүс бол эрчүүд. Тэдэнд хаягласан цөөн хэдэн эмнэлгээс өөр туслах, сэтгэлийн дэм өгөх газар байдаггүй. Эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх нэрээр эрчүүдийг зөвхөн үүрэг хүлээгч болгож орхисон нь бий. Тиймээс хамгийн түрүүн эрчүүдэд тулгамдсан асуудлыг нарийвчлан судалж, түүнд тохирсон бодлого боловсруулах цаг болжээ.