Европ тивдээ нэр хүндээрээ хоёрдугаарт бичигдэх клубуудын аварга шалгаруулах Европа лигийн шөвгийн 8-д учраа таарсан Ростов болон Манчестер Юнайтед клубийн тоглолт 1:1-ийн харьцаагаар өндөрлөжээ. ОХУ-ын дээд лигийн Ростов баг өнгөрсөн шөнө маш сайн тоглолт үзүүлж, бөмбөг эзэмшилтийн хувь, гоолын боломж зэргээрээ Английн аваргуудтай эн тэнцүү тоглосон юм.
Тоглолт эхнээсээ хоёр багийн эн тэнцүү, харилцан довтолгооноор эхэлсэн. Харин тоглолтын эхний гоолыг “улаан чөтгөр”-үүдээс Златан Ибрагимовичийн дамжуулалтаар Армени легионер Хенрих Мхитарян 35 дахь минутад гоол оруулснаар багтаа тэргүүлэл авчирсан. Эхний гоолын дараа Манчестер Юнайтед хэд, хэдэн довтолгоо хийсэн ч хараахан байндаа тусч чадаагүй юм. Тоглолтын эхний үед үүнээс өөр гоол орсонгүй. Тоглолтын хоёрдугаар үед эзэн баг Ростовын довтолгоо эрчимжиж, тоглолт сайжирсан байлаа. Үүний дүнд тоглолтын 53 дахь минутад Тимофей Калачёвын дамжуулалтаар Александер Бухаров гоол оруулж, тоглолтыг тэнцүүлсэн юм. Үүнээс хойш хоёр баг харилцан довтолж байсан ч өөр гоол оролгүй байсаар тоглолт өндөрлөжээ.
ОХУ-ын дээд лигт Ростов клуб 28 оноотойгоор долоодугаар байрт бичигдэж байгаа бол Манчестер Юнайтед клуб Английн премьер лигт 49 оноотойгоор зургаадугаар барт бичигдэж байна. Хоёр багийн хариу тоглолт ирэх 17-ны өдөр Манчестер хотод болно.