Transparency International байгууллагаас гурван жил тутамд хийгддэг авлигын барометрийн судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Судалгаагаар Ази Номхон далайн бүсийн 16 орны хүн амын 25 хувь нь буюу 900 сая хүн бүх төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгдөг гэдгийг олон улсын судалгаа нотолсон байна.
Гурван жил тутамд хийгддэг “Global Corruption Barometer” судалгаанд 22,000 хүнийг хамруулсан бөгөөд, оролцогчдоос авлигад өртөж байсан тохилдлуудыг асууж тодруулжээ.
Транспэрэнси Интернэшнл-Монгол байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр “2017 оны гуравдугаар сарын 7-нд Ази Номхон далайн бүсийн 16 оронд зэрэг танилцуулсан авлигын барометр нь тухайн орны иргэд үнэлгээ өгч байгаа хэрэг.
Үнэлгээ өгөхдөө Засгийн газрын хийж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаа эсэх, төрийн үйлчилгээг авахдаа аль салбарт нь авлига өгсөн зэрэг асуулгад хариулт өгсөн байгаа.
Үр дүнд нь эдгээр 16 орноос Монгол, Өмнөд Солонгос, Малайз гэсэн гурван орны иргэд Засгийн газраас явуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаанд хангалтгүй байна гэсэн үнэлгээг өгсөн.
Мөн энэ 16 орноос Монгол Улсын иргэдийн хамгийн бага хувь нь буюу 40 хувь нь авлигатай тэмцэхэд бид хувь нэмэр оруулж, өөрчлөлт хийж чадна гэдэгтээ эргэлзэж байна гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, манай иргэд энэ тал дээр итгэлгүй болсон байна гэсэн үг.
Судалгааны өөр нэг онцлог бол орлогын төвшин багатай, ядуу орнуудад авлигын төвшин өндөр гарсан байгаа. Тэгэхээр Ази Номхон далайн бүсийн Засгийн газрууд авлигатай тэмцэх бодитой ажлуудыг хийх шаардлагатай байна” гэв.
Транспэрэнси Интэрнэшнл байгууллага дараахь зөвлөмжийг хүргэж байна
- Засгийн газрууд Авлигатай тэмцэхдээ үйл ажиллагаагаа НҮБайгуулагаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилт болох өлсгөлөн, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, хүйсийн тэгш харьцаа ба байгаль орчны өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай уялдуулан авлигын эсрэг эрсдлийг бууруулах механизмыг бий болгох,
- Хууль эрх зүйн хувьд Авлигыг мэдээлэх Шүгэл үлээгчдийн эрхийгхамгаалах олон улсын жишиг хуулиудыг батлах, хэрэгжүүлэх түүн дотроо Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын боловсруулсан стандартыг жишиг болгох,
- Авлигын хэрэг үйлдэгчид ял шийтгэлгүй үлддэг, тэдний учруулсан хохирол төлөгддөгүй үлддэг жишгийг эцэс болгох,
- Авлигатай тэмцэх газрууд авлига төлөхөөс татгалзаж буй иргэд, авлигыг мэдээлэхийг хүсэж буй иргэдтэй хамтран ажиллаж тэднийг дэмжих зөвлөж байна.