Монгол Улсад Гаалийн Алба үүсч хөгжсөний ойн мэндчилгээ дэвшүүллээ

1928

321

Гаалийн албанд бие сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт гаальчид, тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад Гаалийн Алба үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Гаалийн байгууллагад ажиллагсад өнгөрсөн 104 жилийн түүхэнд Монгол улсын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай үйлсэд чин шударгаар зүгтэж, төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваад тань төр засаг, ард түмэн талархаж байдаг.

Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа эрсдлийн менежментийг нэвтрүүлж, хууль бус худалдаатай тэмцэх, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг бууруулах, цахимжуулах, интернетээр мэдүүлэх замаар гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, орчин үеийн мэдээллийн технологид суурилсан цахим гаалийг хөгжүүлэн өргөжүүлэх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенциар хүлээсэн үүргээ бүрэн ханган биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, үр дүнтэй ажиллаж ирсэнийг энд дурьдахад таатай байна.

Олсон амжилтаа улам бататгаж, төр, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ ёс зүйтэй, эх оронч сэтгэлтэй, мэргэжлийн өндөр чадвартай, нэр төртэй биелүүлэх нь бидний өмнө тавигдаж буй зорилт болж байна.

Гаалийн улсын байцаагч нэг бүрийн үйл ажиллагаатай гаалийн байгууллагын нэр хүнд салшгүй холбоотой гэдгийг энэ дашрамд онцлон дурдья.

Төрийн хуулийг чандлан сахиж, даяарчлалын өнөө үед үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстэн дамнасан эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, мэдээлэл технологийн ололт амжилтыг хөгжүүлэн ажиллах явдал гаальчид Та бидний хариуцлагатай үүрэг болж байна.

Үе үеийн гаальчдийн арвин баялаг туршлагад тулгуурлан, ажилдаа зарчимч, хариуцлагатай байж, ил тод, шудрага үйл ажлаараа та бүхэн гаалийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж явна гэдэгт итгэл төгс байна.

Баярын энэ өдөр Монголын гаалиар овоглосон мянга мянган улсын байцаагч, албан хаагч та бүхэнд ажлын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АСРАЛТ