Ирэх гуравдугаар сард төлбөр төлөх нөхцөлтэй Хөгжлийн банкны евро бондыг эзэмшиж байгаа одоогийн хөрөнгө оруулагчдад Засгийн газрын шинэ бондоор солих саналыг Монголын талаас тавьсан. “Хуралдай” гэж нэрлэж буй энэхүү бондын хүүг 8.75 хувь, хугацааг долоон жил байхаар санал болгосон гэж эх сурвалж мэдээллээ. Сангийн яамны баг, андеррайтер компаниуд бондын “roadshow” буюу хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг энэ өдрүүдэд хийж байна.
Анх 2012 онд Хөгжлийн банк таван жилийн хугацаатай Засгийн газрын баталгаатай Евро бондыг 5.75 хувийн хүүтэй гаргаж байсан. Улсын зээлжих зэрэглэл буурсан энэ үед илүү урт хугацаатай бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа гэдэг утгаараа хүү 8.75 хувь байна. Хугацаа уртсахын хэрээр хүүгийн түвшин өндөр байдаг шууд хамаарал бий. Өнгөрсөн оны эхээр Монгол Улс олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бонд гаргаж байсан. Тухайн үед таван жилийн хугацаатай Засгийн газрын бондыг 10.875 хувийн хүүтэй гаргаж байсан юм. Хөгжлийн банкны бондыг эзэмшигч хөрөнгө оруулагчдад шинэ бондоор солих саналыг хоёрдугаар сарын 20-нд тавьсан. Хөрөнгө оруулагчдаас солих эсэх саналын хариуг энэ сарын 1 хүртэл авчээ.
Андеррайтер компаниудаар “Credit Suisse”, “JP Morgan” ажиллаж байна. Хоёрдогч зах зээлд Хөгжлийн банкны евро бондын шаардах өгөөжийн хувь хэмжээ 5.6 хувь болж буурчээ. Энэ нь хөрөнгө оруулагчид бондын эрсдэлийг бууруулж, эергээр үнэлж байгаагийн илрэл. Хоёрдугаар сарын эхээр 35 хувь шүргэж байсан евро бондын өгөөж ийнхүү анх гаргасан купоны түвшнээс доош буурсан нь үндсэндээ бондын эзэмшигчид “default”-ийн эрсдэл холдсон гэж дүгнэж байна.
ОУВС-тай эхлүүлж буй “Extended Fund Facility” хөтөлбөр болон Хөгжлийн банкны бондыг “Хуралдай” бондоор солих санал бондын үнэ ханшид эергээр нөлөөлж байна. Олон улсын бондын хоёрдогч зах зээлд Монголоос гаргасан бондуудын үнэ ханш 2013 оноос хойших дээд цэгт хэлбэлзэж байгаа юм. Тухайлбал Хөгжлийн банкны гаргасан евро бондын ханш 100 ам.доллар давж шаардах өгөөжийн хувь хэмжээ ийнхүү буураад байна. “Чингис бонд”-ын ханш ч мөн өсөж, өгөөж буурах чиглэлд хэлбэлзэж байна.