Ипотекийн зээлийн санхүүжилтэд 111 тэрбум төгрөг суулгана

496

Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдах эцсийн шийдвэр гаргасантай холбогдуулан орон сууцны 8 хувийн зээл үргэлжлэх үү гэх асуулт олны анхаарлын төвд байлаа. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан  “Ипотекийн санхүүжилт нийгмийн ач холбогдолтой учраас үргэлжилнэ. Гэхдээ ОУВС-гаас төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газарт шилжүүлэх ёстой гэсэн. Бид 2018 оноос энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. 2017 оны тухайд одоо явж байгаа журмаа цаашид хадгална.

Ипотекийн хөтөлбөрт нийт 4 их наяд төгрөгийн санжүүжилт гарсан байгаа. Үүний эргэн төлөлтөөр тодорхой хэмжээний мөнгө орж ирдэг, Бид эргэн төлөлт купоны эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. ОУВС купоны эх үүсвэрийг улсын төсөвт суулгах ёстой гэсэн зөвлөмж өгч байгаа учир 2017 оны төсвийн тодотголоор 111 тэрбум төгрөгийн эх үүсвэр суугдах тооцоо хийгдэж байна. Цаашдаа эх үүсвэрийн нэг хэсэг нь Засгийн газраас нөгөө хэсэг нь Монголбанкнаас гарах замаар ипотекийн хөтөлбөр үргэлжилнэ” гэх тайлбар өгсөн юм.

Зогсонги байдалд ороод байгаа ипотекийн зээлийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх, боловсронгуй болгох чиглэлд Дэлхийн банкнаас техникийн туслалцаа авч байгаа. Цаашид Дэлхийн банкны дэмжлэг туслалцаатайгаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй.

Б.СОНДОР
www.zuv.mn