УИХ-ын гишүүн, сайд асан М.Зоригт зурагчин болсон гэдэгтэй одоо хэн бүхэн эвлэрээ биз. Сайдын ажил хийж байхдаа хүзүүнээсээ аппарат салгаагүй гэх шүүмжлэл бараг мартагдаж.
Харин М.Зоригтын энэ хобби, хобби төдий зүйл байгаагүй юм байна гэдгийг бид түүний санаачилж эхлүүлсэн “Бидний цөөхөн монголчууд” төслөөс харж болохоор. Төслийн танилцуулгаас “Бидний цөөхөн монголчууд” төсөл гурван жилийн хугацаанд Монгол орны нэг ч сум, суурин үлдээлгүй аялж, XXI зууны монголчуудын ахуй амьдрал, зан заншил, өв уламжлалыг гэрэл зураг болон дүрс бичлэгт буулган нийт 12 баримтат кино, 30 гаруй ном, 800 гаруй нэвтрүүлэг бэлтгэн хүргэнэ” гэдгийг ойлгож болох ч энэхүү нүсэр ажлыг хэрхэн гүйцэлдүүлэхээр төлөвлөж байгаа, ер нь яагаад үүнийг хийх болов гэх олон асуулт сонирхол татна. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-“Бидний цөөхөн монголчууд” төсөл Налайхад нээлтээ хийсэн нь анхны аялал байв уу?
-“Бидний цөөхөн монголчууд” төслийн анхны аялал гуравдугаар сарын 1-нээс хоймор нутаг Хөвсгөлөөс эхлэхээр бэлтгэлээ хангаж байна. Энэ зундаа багтаагаад баруун аймгуудаар тойрчих болов уу гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэвч зарим зүйл цаг хугацааны хувьд бидний төлөвлөснөөс өөрөөр байх тохиолдол байна. Жишээлбэл, тэмээний уралдаан, бүргэдийн ан гэх мэт уламжлалт арга хэмжээнүүд зуны цагт болдоггүй зөвхөн өвөл болдог. Тийм болохоор эдгээр уламжлал, зан заншлыг өвлийн цагт нь зураглаад үлдээх бодол байсан. Тэгээд Баян-Өлгийд бүргэдийн анг зохион байгуулж зураг авчихаад ирлээ. Энэ өвөл бидний барьж авсан өөр нэг сэдэв бол хүндхэн өвлийг малчид маань хэрхэн давж туулж байгааг дуранд буулгасан. Энэ жил нэлээн газраар цас зудтай, малчид маань багагүй сандарсан шүү дээ.
-Баян-Өлгийд авсан зургуудыг чинь харахад аялал жуулчлалын нэлээн том арга хэмжээн дээр очиж дээ гэж харагдахаар байсан. Гэтэл та зохион байгуулчихсан юм байна?
-Манай төслийн олон үр дүнгийн нэг нь дотоодын аялал жуулчлалыг идэвхижүүлэх гэж би харж байгаа. Бүргэдийн ан бол зүгээр гарч очоод таарчихдаг зүйл биш. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумынхан бидэнд хүсэлт тавьсан байсан юм. Тэд “Цаст Цамбагарав хайрхныхаа бэлд нэг ийм арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй явдаг” гэдгээ бидэнд илэрхийлсэн. Тэгээд бид орон нутгийн удирдлага, ард иргэдтэй ганц бүргэдийн ан гэлтгүй урианхайн сур харваа гэх мэт архивлаж авч үлдээх ёстой өөр бусад зан үйлийг энэ үеэр зохион байгуулахаар урьдчилан ярилцаж тохирсон. Ингээд бид аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй, өөрсдөө аялах хоббитой хэсэг залуусын оролцоотойгоор зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээг жил бүр уламжлал болговол цаашдаа гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татах сонирхолтой бүтээгдэхүүн болж чадах юм байна гэдэг итгэл хэн хүнд төрсөн гэх үү дээ. Цаашдаа Цамбагарав уулын бэлд бүргэдийн анг жил бүр уламжлал болгон хийхээр тохирсон. Энэ жил нутгийн болоод зэргэлдээ Увс, Ховд аймгаас 500 гаруй хүн, 200 орчим машин, гадаадын 4-5 орны жуулчид ирсэн. Анхных гэхэд ийм байна шүү дээ. Дараа жилээс энэ тоо нэмэгдэх байх.
-Бусад газар харж болох бүргэдийн ангаас өөр гэж үү?
-Бүргэдийн ан үнэхээр дэлхийн жуулчдыг татаж болох нэг гох дэгээ мөн. Бүргэдчин охины тухай баримтат кино өнөөдөр яаж үнэлэгдэж байна гэдэг бол нэг жишээ. Гэтэл бид бүргэдийн анг яг агуулгаар нь сонирхогч хүмүүст хүргэж чадаж байна уу гэдэг асуулт бий. Баян-Өлгий бол олон үндэстэн ястны нутаг, олон ёс заншлын өлгий. Тэнд сайхан хадгалагдаад, уламжлагдаад явж байгаа ёс заншил маш их бий. Жишээлбэл, урианхай сур, шагайн харваа өвлөгдөөд маш сайхан дэлгэрч байна. Биднийг урианхай сур харвааны тэмцээн зохион байгуулахад зэргэлдээ Ховд, Увсаас ирж оролцож байна. Гэтэл нөгөө талаар сэргээж, эсвэл шинээр үүсгэх болох зүйлс ч байна. Үүний нэг нь тэмээний уралдаан. Саяны арга хэмжээний үеэр бид тэмээчидтэй ярилцаад сууж байхад тэмээний уралдааныг жил бүр хийж болох юм байна гэсэн санаа төрсөн. Баруун аймгийн тэмээчид хаа байсан говь руу тэмээгээ аваад уралдахаар явах хэцүү шүү дээ.
Ер нь дэлхийн казах түмний уламжлалт амьдрал ахуй яг “оригоороо” үлдсэн ганц өлгий нь манай монгол, Баян-Өлгий аймаг юм. Дэлхийн олон газар казахууд амьдарч байгаа ч тухайн улс орныхоо соёл руу нэлээн уусч нэвтэрсэн. Казахстанд оросжих, Шинжаан Уйгурт хятаджих гэх мэт.
-Бүх юм нь амьд ан болсон гэж та хэллээ шүү дээ. Яг нүдээр харахад ямар сэтгэгдэл төрдөг юм байна?
-Хоёр сарын өмнө Сайран ах намайг уриад, бүргэдийн ан үзэхээр нэг очиж байсан. Одоо энэ Айшолпаны аав Нургаев гуай, өөр хэд, хэдэн анчинтай бид ууланд гарсан юм. Уул руу өгсөх хэрээр салхи нэмэгдэнэ. Салхи нэмэгдэхийн хэрээр бүргэд догдолж, байж ядаж байгаа нь мэдрэгдэж байсан. Эрх чөлөөг мэдэрдэг юм шиг байгаа юм. Чанга дуу гаргаж гуаглаж, далавчаа дэвээд л… Хүүхэд баярлахаараа цовхчоод байж яддаг даа. Яг түүн шиг. Тэгээд ангаа барихаар дайрах тэр их эрч хүч, шунал, яг барьж байх үеийн ур чадвар, зориг. Үүнийг хажуунаас нь анх харахад үгээр илэрхийлэмгүй гайхалтай санагддаг юм билээ.
– Би ч Чингисийн хүрээнд болдог бүргэдийн баярт очиж байсан л даа. Гэхдээ та намайг жинхэнэ бүргэдийн ан үзэхээр Баян-Өлгий явах хүсэл төрүүлчихлээ. Гэтэл тийшээ чинь үнэтэй шүү дээ. Та зам тээврийн салбарын сайд байсан хүн, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ложистикийн асуудлаа шийдэж, хамгийн хямд хувилбар бүхий бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэгтэй санал нийлэх үү?
-Бид тав дахь өдөр яваад, бүтэн сайнд ирсэн. Гурван өдрийн арга хэмжээнд нэг хүнээс 700 орчим мянган төгрөгийн зардал гарсан. Үүнд, Хүннү-Эйрийн ирж буцах онгоцны билет, аймгийн төвд буудаллах, хооллох, музей үзэх, хоттой танилцах, тэндээсээ кэмп рүү хүргүүлэх тээвэр, гэр хоол, үзвэр гээд бүх зардал орсон. Бид харьцангуй хямд хийж чадлаа гэж бодож байгаа. Хүннү-Эйрийн дэмжлэг их байсан. Аялал жуулчлалын чухал үйл явдал болох гэж байна гэдгийг мэдэрч, ирээдүйгээ харсан байх. Яг энэ компани шиг бусад аялал жуулчлалын, нийтийн тээврийн компаниуд ирээдүйд брэнд болж болох цэгээ хараад аль болох хямд үйлчилвэл хаа, хаанаа ашигтай байх нь мэдээж.
-Танай төслийн эн тэргүүний зорилго бол XXI зууны монголчуудын амьдарч байгаа газар нутаг бүрт нь нэг ч сум үлдээлгүйгээр гэрэл зураг, кино хальсанд буулгаж үлдээх. Хүн төвтэй төсөл байх юм уу гэж хараад байгаа. Гэтэл цөөхөн гээд нэрлэчихсэн. Энэ үгэн дээр хүмүүс танаас асууж байсан байх. Та цөөн гэдгийг яаж харж байгаа вэ?
-Харьцуулж харж байгаа. Сүхбаатарын талбай дээр багтахгүй цугларсан хүмүүс чамд олон л харагдана. Гэтэл дэлхийн бусад хэл соёлын тээгч нарын хажууд бид цөөхүүлээ юм. Би өнгөрсөн зун дугуй унадаг залуустай нийлээд Өмнөд Солонгосын нутгаар хойноос нь урагш тууш зам дагуу дугуйгаар аялсан. Нийт 660 км явсан. Тэгээд жийгээд явж байхад бас л их юм бодогддог юм билээ л дээ. 4-5хан хоногийн дотор бүхэл бүтэн нэг улсыг хойноос нь урагшаа дугуйгаар барчихаар жаахан л санагдаж байгаа юм. Өмнөд Солонгосын газар нутаг манай Хөвсгөлийн газар нутагтай адилхан хэрнээ тэнд 58 сая хүн амьдардаг. Гэтэл Монгол Улс тэр аяараа энэ том газар нутаг дээр гуравхан саяулаа. Дэлхий дээр 10 орчим сая монголчууд байгаа гэж тооцдог. Ийм цөөхүүлээ гэдгээ үргэлж санаж, мэдэрч явах хэрэгтэй юм байна гэдэг бодол тэгэхэд орж ирсэн. Цөөхүүлээ гэдгээ мэдрэх юм бол нэг хүн, нэг иргэн хүртэл бидэнд үнэ цэнэтэй болно. Үнэ цэнэтэй байна гэдэг нэгнийгээ хайрлана гэсэн үг. Ядарсан зүдэрсэн үед нь түшээд, тэтгээд явна гэсэн үг. Цөөхүүлээ гэдгээ мэдрэх юм бол бидний нутаг нуга, жалга довоороо хуваагддаг байдал арилах юм болов уу. Энэ Улаанбаатарт байгаа хүн хаа байсан баруун монголчууддаа чих тавьдаг, санаа тавьдаг болох юм болов уу. Цөөхүүлээ гэдгээ мэдрэх юм бол дайн нанчилдаанаас наагуур үзэлцээд байдаг энэ талцал, улстөржилт арай нэг намжих юм болов уу. Ер нь нэг эв нэгдэлтэй, дэгтэй журамтай байх юмсан даа гэсэн бүр энэ цаана байдаг зүрхэн тушаа заав далд хүсэл.
Бид хүчтэй, тэнгэрлэг гээд цээжээ дэлдээд урагшаа хараад хятад хөрш рүүгээ, хойшоо хараад орос хөрш рүүгээ салаавч гаргаад, Америкийн Ерөнхийлөгчийг хүртэл тэр бол хэн ч биш гээд хэлэлцээд суугаад байдаг энэ эндүүрлээсээ салах цаг болсон. Зүгээр л бид цөөхүүлээ гэдгээ үргэлж санаад, дотогшоо эвтэй, гадагшаа эвтэй байхад л болох юм шүү дээ. “Бидний цөөхөн монголчууд” гэдэг бол бид цөөхүүлээ байна шүү гэдгийг л харуулж байгаа юм. Харуулсны дараа хүн болгон өөр өөрийн тайллаар хандах байх. Олон удаа сонсогддог байх, гэхдээ энэ удаа ч хэлмээр санагдаж байна, дэлхийн талыг бид хүний олноор эзлээгүй. Бид хэзээд цөөхүүлээ л байсан. Гэхдээ эв нэгдэлтэй байсан, бас ухаантай байсан.
-Хөдөөгийн хүмүүст ер нь мэдээлэл хүрч үү?
-Биднээс илүүтэйгээр орон нутгийн удирдлага маш их хичээж бэлтгэж байгаа. Таван жил, 50 жил, 500 жилийн дараа үр хүүхдүүд нь үзэх чухал өв гэж харж байна. Тиймээс өнөөдрийн нүүр царайгаа зураг сэлтэд бас нэг сайхан үлдээчих юм сан гэж байна. Бид сум бүртээ нутаг усны иргэдийн урлагийн таван үзүүлбэр бичиж авах юм. Үүндээ зориулж шинэ хувцас хийлгэж байна гэж дуулдсан. Таван хүнээр тухайн нутгийн үүх түүх, ам дамжсан сайхан хууч, домог яриа яриулна. Хэнээр яриулах вэ гэж хэлэлцэж байгаа гэж сонсогдлоо. Таван айлд бид хуваагдан хонож, тухайн айлын ахуй амьдралыг бичиж буулгана. Тэр нь хэнийх байх вэ, манайх, танайх гээд бас хөөрхөн яриа болж байна гэнэ. Уул овоо, байгалийн сайхны зураг авна. Тэрийгээ тайлбарлаж хөтөлж авч явах газарчнаа хүртэл бэлтгэж байна гэнэ. Өнөөдрийн монголчуудын ахуй амьдралыг байгаа байдлаар нь буулгахын тулд ийм анзааны зураг авалт зөвхөн нэг суман дээр хийхээс өөр аргагүй.
Хажуугаар нь сум болгонд сургууль, цэцэрлэг, эмнэлэг яаж ажиллаж байгааг зурагт буулгаж, хальсанд үлдээнэ. Зарим сум дотуур байрны засвараа хийж байна гэнэ ээ /инээв/. Нэг бодлын зөв ч юм шиг, далимдуулаад өнгө зүсээ засаад аваг. Нөгөө бодлын хүмүүс маань хэтэрхий хичээгээд, тавилттай юм болчих вий, бодит байдлаас гажчих вий гэдгийг ч бодож сууна.
-Үндэсний телевизтэй хамтран ажиллаж, 800 удаагийн нэвтрүүлэг цацахаар боллоо гэсэн. Хэзээнээс гарч эхлэх вэ?
-Нэг суманд нэг хоноод явбал гэртээ ирэхгүйгээр бүтэн жил, хоёр хоновол хоёр жил явах хэрэгтэй болно. Зарим том сууринд гурав хононо гэж хараад бид дундажлаад гурван жил үргэлжлэх байх гэж тооцоолж байна. Хавар, зун, намартаа баруун аймгуудаа дуусгачихаад нэвтрүүлгүүдээ гаргаж эхлэхээр тохирсон. Үндэсний олон нийтийн телевиз энэ жил 50 нас хүрч байгаа. Яг тэр ойн өдрүүдээрээ буюу есдүгээр сарын 20-ноос гаргаж эхлүүлэх юм билээ. Аймгийн төвүүд дээрх арга хэмжээ, иргэдтэй хийх уулзалтуудад МҮОРТВ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц ч тэр, хамт олон ч тэр үнэн сэтгэлтэй, санаачилгатай ажиллах юм. Түүнээс гадна баримтат киногоо гадаадын бусад сувгаар гаргахыг бодож байна. Баримтат кино хийхэд oлон улсын түвшинд дуу, гэрэл, техникийн ямар шаардлага тавигддаг тэр дагуу бид ажиллана. UB film продакшнтай хамтарч байгаа.
Интэрнэт орчинд манай төсөл бас яаж түгэж, үзэгчидтэй хэрхэн харьцаж, тэдний зөвлөгөө шүүмжийг яаж дор, дор нь тусгаад явах вэ гэдгээ ч бид төлөвлөсөн. Магадгүй биднийг нэг суманд явж байхад гадаадад байгаа нэг монгол иргэн маань манай ээжийнх наана чинь байгаа ороод гараарай гэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Интернэт, GPS тасалдахгүй байнга холбогдож биднийг хаана ямар хурдтай давхиж явааг хүртэл онлайн харж болохоор нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Манай интэрнэт дэх, сошиал мэдиа дахь үйл ажиллагааг мэдээллийн UB info сайт хариуцаж ажиллах юм.
Нэгэнт нэр дурдаж эхэлснийх бусад хамтрагчдынхаа тухай бас ярьмаар байна. Бид агаараас нэлээн зураг авахаар төлөвлөж байгаа. Энэ асуудлыг А-Жэт компани болон Нислэгийн төвийн Александр ах маань хариуцна. Мөн дотоод, гадаадад 30 гаруй ном гарна. Номын ажлыг Баабар ах, Цэнддоо ах, Нэпко хариуцаж хийхээр болсон. PC mall-ийн хамт олон манай техникийн хангамж, арчилгааг бүрэн хариуцаж байна. Хөдөөгийн үзэгчид манай “Шүүдэр дундуур” киног Boss өсгөгчөөр буюу дэлхийн стандартаар сонсох гэж байна. Гэрэл зургууд маань Epson-ы тусламжтайгаар маш өндөр чанартай угаагдаж хэвлэгдэж гарна.
Бас нэг чухал хамтрагч бол Монголын Үндэсний аялал жуулчлалын байгууллага. Аялал жуулчлалын арвин туршлагатай энэ хамт олон биднийг дэмжсэнээр төслийн үр дүнд дотоод гадаадын аялал жуулчлал идэвхижинэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Аяллын бэлтгэл хангах, координаци хийх, гадаад харилцаа хариуцах зэрэг тоочих юм бол үүргийг Үндэсний аялал жуулчлалын байгууллага хариуцаж, дэм үзүүлж байна.
Ийм сайн хамтрагч нартай учраас би итгэл төгс яваад байгаа шүү дээ.
-“Бидний цөөхөн монголчууд” төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжинэ гэж байсан. Ерөнхийлөгчийн анхаарлыг нэлээн татжээ дээ?
-Би ийм төсөл хэрэгжүүлэх гэж байгаагаа олон нийтэд албан ёсоор зарлаагүй байхдаа өөрийнхөө фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулан мэдээлсэн юм. Гэтэл Ерөнхийлөгч намайг дуудаж уулзаад энэ талаар асууж сонирхсон. Дараа нь бид хоёр энэ талаар ярилцахаар хэд хэд уулзлаа. Ерөнхийлөгч өөрөө ч Монгол орноороо багагүй явсан хүн. Хаана ямар онцлог байдаг талаар тодорхой хэмжээнд мэддэг хүн. Аль газраар явахдаа юу анхаарах, хаана заавал очих ёстой гээд надад зөвлөгөөнүүдийг бас өгсөн. Тэгээд энэ төслийг албан ёсоор дэмжих хэрэгтэй юм байна аа гээд захирамж гарган ивээлдээ авсан.
-Та тэгээд энэхүү нүсэр аялал, ажил, нэвтрүүлэг зэргийн зардлыг өөрөөсөө гаргах гэж байгаа юм уу. Санхүүжилтийг ер нь яаж шийдэж байгаа вэ?
-Миний аавын нэрэмжит “Мөнхчулуун сан” гэж хүний хөгжлийн чиглэлээр ажилладаг сан бий. Энэ сангаас ачааны голыг үүрээд унаа машин, хоол хүнс зохицуулаад эхний аялалдаа гарах гэж байна. Би олон нийт рүү төдийлөн хандаагүй байна. Юутай ч эхний аяллаа үр өгөөжтэй даваадхая. Дараа нь бидний хийж эхлүүлсэн ажлыг хүмүүс хараг. Тэгсэн цагт дэмжье, тусалъя гэсэн хүмүүс гарч ирэх байх гэж найдаж байгаа. Саяхан анхны хандиваа авсан. Манай сангийн данс руу 1.564,000 төгрөг шилжүүлсэн байна билээ. Монгол орны газар нутгийн нийт хэмжээг бэлгэдэж өгсөн хандив гэсэн. Сайхан л санагдаж байлаа.
-Анх 2004 онд танилцаж байхдаа таныг бараг хөдөө явж үзээгүй костюм, зангиатай банкир л гэж харж байсан. Өнөөдөр уулзахад та их өөрчлөгджээ. Ингэж өөрчлөгдөхөд юу таныг “түлхэв”?
-Миний нэг сайхан найз “Зоригоо чи баялаг бүтээгээч” гэнэ ээ. Миний төслийн талаар сайн мэдээлэлгүй байгаа байх. Одоо би энэ ярилцлагаараа тэр найздаа хариулт өгчихөөр надаас дахиж тэгж асуухгүй байх /инээв/. Энэ бол ямар ч талх, хиам үйлдвэрлэх, сургуулийн барилга барьж, зам тавихаас ялгаагүй баялаг бүтээгдэж байгаа хөдөлмөр шүү дээ. Бид баялгийг талхтай адилхан гартаа барьж үзмээр байдаг юм шиг байгаа юм. Гэтэл энэ чинь ялгаагүй. XXI зууны монголчууд ямар өв соёлтой, амьдралын ямар хэв маягтай байсан бэ гэдгийг цогцоор нь хадгалж авч үлдэнэ гэдэг үнэхээр баялаг бүтээх ажил мөн. Би 2004 оноос сонгуульт болон томилгоот янз бүрийн л ажил хийж ирлээ. Төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийх юмсан гэж хичээж ажилладаг байсан. Би сонгогдсон үедээ аймгийн бүх сум, багаар жилд хоёр удаа тойрдог байсан. Над шиг олон явж үзсэн улстөрч төрөөгүй байна. Мэдээж нэгэнт сонгогдсон юм чинь хүмүүстэйгээ уулзах, эргэх ёстой гэсэн ухамсар хариуцлага нэг талаас түлхэж байсан хэрэг.
Явах тусам монгол ахуйтай ойр байх гэсэн хүсэл улам бүр эрчимжиж байсан, дээрээс нь зураг авах хобби ч нэмэр болсон. Энэ зун би бүх ажлаа хүлээлгэж өгчихөөд анх удаа өөрийнхөө дураар ажиллах боломжтой болж байна даа гэж бодсон. Бага залуу байхад аав, ээжийн үгээр, дараа нь оюутан болоод сургууль хамт олны журмаар, бизнес хийсэн ч нийтийн хүсэл сонирхлын дагуу ажиллах ёстой болдог байсан. Банк гэдэг чинь тийм бизнес шүү дээ. Тэгээд Их хурал… Гэрт хүртэл хүүхдийнхээ боловсролыг шийдэхэд эхнэр, хүүхдээ сонсох хэрэгтэй биз дээ. Ийм л явж ирсэн. Өнөөдөр би харин бүрэн эрх чөлөөтэй болсон юм шиг мэдрэмж төрж байна. Би унадаг дугуйгаар хүртэл хүний нутаг тойрч үзлээ. Утас дуугарах нь уу гэсэн үгүй байна аа. Надгүйгээр ар гэр , бизнес болоод байгаа шинжтэй. “Хадландаа явлаа” гэж хэлчихээд Ононгийн тохойд очоод 30 гаруй хоног “хэвтчихсэн”. Үнэндээ бас л дураа дагаж, кино хийж явсан юм шүү дээ. Би эрх чөлөөтэй байгаа биз дээ. Одоо надад Монгол орноо тойрох итгэл үнэмшил бүрэн дүүрэн байна. Эрх чөлөө гэдэг утгаараа ч тэр, туулсан, үзсэн харснаа бодсон ч тэр. Нөгөө талаар хүн өөрийгөө заавал шинэ сорилтын өмнө аваачиж сорьж байх хэрэгтэй. Би мэргэжлийн дугуйчин биш хэрнээ Өмнөд Солонгосыг дугуйгаар тойроод л ирсэн. Энэ аялал миний хувьд бас л нэг сорил, бас л нэг шинэ туршлага байсан.
-За баярлалаа. Танай төслийн багт амжилт хүсье. Ингэхэд цагаан сарын маргааш Хөвсгөл гарлаа юу?
-Хөвсгөл явлаа. Хөвсгөл аймаг 23 сумтай. Эхний байдлаар тэнд 50 хононо гэж төлөвлөж байгаа. Гурван машинтай 15-уулаа гарах байх.
Эх сурвалж: