А.Цогцэцэг: Улсын эмнэлгүүд хоёр ээлжээр 20 цаг хүртэл ажиллана

665

Улсын зарим эмнэлгийг ирэх сарын нэгнээс хоёр ээлжээр 20 цаг хүртэл ажиллуулахаар болсонтой холбогдуулж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс асуудлыг тодрууллаа.

-Эмнэлгүүд хоёр ээлжээр ажиллах сайдын тушаал гарч байгаа юм байна. Ийм тушаал гарах үндэслэл нь юу вэ?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор хоёрдугаар сарын нэгнээс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл, зуны улиралд 21 цаг хүртэл, бямба гарагт 10-15 цагийн хооронд ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулатори засвартай байгаа учир тус эмнэлэгт энэхүү шийдвэр ирэх гуравдугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжинэ. Энэ нь үйлчлүүлэгчдийн ачаалалтай холбогдуулан эмнэлэг 2 ээлжээр ажиллаж байгаа нь ханиад томууны дэгдэлттэй хамааралгүй гэж ойлгож болно. Нэг эмчид ноогдох үзлэгийн цаг гэж байдаг. Стандартаар бол нэг хүнийг 20 минутад үзэх ёстой. Энэ хугацаанд эмч тухайн иргэний өвчтөний түүхийг маш сайн уншиж, өмнөх лабораторийн шинжилгээнүүдийг нь харьцуулах зэргээр анализ хийдэг.

Гэтэл өнөөдөр манай эмч нар оочер дугаарлалтад хавчигдаад өвчтөнийг богино хугацаанд хурдан үзэх болчихоод байна. Энэ нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нөгөөтэйгүүр эрсдлийг бий болгох магадлалтай тул уг шийдвэрийг гаргаж байна. Ингэхээр иргэд 2 дугаар сарын нэгнээс эхэлж орой 20 цаг хүртэл дээрх 4 эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Харин иргэд цаг авч авсан цагтаа ирж үзүүлэх нь зүйтэй.

-Орон тооны хувьд ямар зохицуулалт хийв. Шинээр эмч нар авсан уу эсвэл эмнэлгүүд дотоод зохион байгуулалтаар эмч сувилагч нартаа ажлын байр гаргасан уу?

-Дээрхи 5 эмнэлэгт 40 их эмч, 203 сувилагч нэмж ажиллуулахаар ЭМС-ын А/48 тоот тушаал гарлаа. Сайдын багцаас эмч нарын цалингийн асуудлыг шийдвэрлээд байна. Энэ хэмжээгээр ажлын байр бий болсон гэж ойлгож болно.

-Лабораториуд яаж ажиллах вэ?

-Тухайн үед дүрс оношилгоо, рентген, эхо, компьютер, имрай, лабораториуд бүгд ээлжээ дагаад 20 цаг хүртэл ажиллана.

-Энэ бүр шийдвэр үү, түр шийдвэр үү?

-Энэ бол байнга хэрэгжих шийдвэр. Өвчлөл багасаад үзүүлэх хүний тоо буурсан тохиолдолд шийдвэрийг эргэж харахад болохгүй гэх зүйлгүй. Тухайн үед нь өөрчилж болно.
-Сүүлийн үед иргэд элэгний эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн тухай асуудалд анхаарал хандуулж байгаа ч нарийн мэдээлэлгүй байна. Энэ нь нэг эмэнд үү эсвэл курс эмчилгээнд үзүүлж байгаа хөнгөлөлт үү гэдэг дээр тайлбар өгөх үү?

-Тиймээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний С вирусыг устгах талаар тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгагдсан байгаа. Иймд анх засгийн газрын 100 хоногийн хүрээнд Харвоны эмийг 400 доллар байсныг 300 доллар болгож бууруулсан. Харин элэгний С вирусын эсрэг 5 төрлийн эм бий. Эдгээр эмнээс 210 мянган төгрөг хөнгөлж байгаа. Өндөр үнэтэй эмэнд 28 хувийн, арай бага үнэтэй нь 50-62 хувийн хөнгөлөлттэй болсон. Энэ нь 1 сарын хэрэглээнээс 210 мянган төгрөг хэмнэгдэхээр 1 курс буюу 3 сарын эмчилгээнээс 610 төгрөг хэмнэгдэхээр байна.

-Сая хэсэг хугацаанд ЕБС-иудын амралтын хугацааг сунгалаа. Ханиад томууны өвчлөлийн дэгдэлт буурсан болов уу. Өвчлөл хэр байна вэ?

-Ханиад томууны дэгдэлт ерөнхийдөө буурч нийт амбулаторийн үзлэгийн 5,8-7 хувьтай болж байна. Дорвитой арга хэмжээнүүдийг авлаа. Тухайлбал, 5 хүртэлх насны хүүхдийн эмийг Эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлж олгох, хүүхэд нь ханиад хүрсэн бол эмчийн магадлагааг үндэслэн цалинтай чөлөөг эцэг эхчүүдэд нь олгохоор Засгийн газрын тогтоол гаргуулах, Улсын клиникийн 2 дугаар эмнэлэгт хүүхдийн 30 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг нээн ажиллуулах, 580 эвхдэг орыг дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр олгох эмч мэргэжилтнүүдийг нэмж ажиллуулах гэх мэт ажлуудыг бусад яам газруудтай хамтарч зохион байгууллаа.

-Тав хүртлэх насны хүүхдийн эмийг иргэд яаж авах вэ. Шийдвэр хэр хэрэгжиж байна вэ?

-Нэгдүгээрт өрх, сумын эмчдээ үзүүлж эмийн жороо бичүүлж үүний дараа эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангуудаас эмээ авах юм. Ер нь нийт 10 нэр төрлийн эмийн жагсаалт гаргасан.
-Иргэд эмээ даатгалаар авч чадахаа болилоо гэх гомдол ихээр гаргаж байна. Яамнаас энэ асуудалд хяналт тавих бололцоо бий юу?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ тал дээр илүү тодорхой хариулт өгөх байх. Ер нь нийгмийн даатгалын сан хөмрөг тодорхой тоо хэмжээтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хэрхэн хүндээ хүрч байна гэдэг дээр зарцуулалтын хяналтыг тавьдаг байх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд энэхүү асуудлыг хариуцсан нэгж ажилладаг.

-Урт хавар болж, хаваржилт хүндэрч болзошгүй гэж иргэд малчид ярьж байна. Хаваржилтад эрүүл мэндийн байгууллага бэлэн үү?

-Эрүүл мэндийн яам өвөлжилтийн үеийн эрсдлийн төлөвлөгөө гаргасан. Ялангуяа, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настнуудад ямар байдлаар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргаад, тэр тактикийнхаа дагуу ажиллаж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ