Дотоод сонгуулийн гадаад төрх

655

Ардчилсан намын даргын сунгаанд таван хүн нэр дэвшээд С. Эрдэнэ өнгөллөө гэж дотоод сонгуулийн хороо  мэдээлсэнтэй  зэрэгцээд өрсөлдсөн Н. Алтанхуяг, Ж. Батзандан, Л. Гантөмөр нарын сонгуулийн штабаас “Нэр дэвшигч С. Эрдэнэ мөнгө тараасан” учир нэрсийн жагсаалтаас хасах  хэрэгтэй гэсэн  мэдээлэл  цацагдлаа.

Санал хураалтын өдөр буюу нэгдүгээр сарын 29-нд  ийм гомдол гарсан бол ач холбогдол нь илүү өндөр байх байсан болов уу. Үйл явдлын халуун мөрөөр ороход хичнээн амар гээч. Гэвч гомдол гаргагсад тэр боломжийг ашигласангүй. Харин “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчийн үлгэрээр хожуухан эхэллээ.

Улс төрчид ч араас нь байр сууриа илэрхийлж байна. Ардчилсан намын гишүүдийн хийсэн сонголтыг  өөр өөрийнхөө өнцгөөс хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна.  Нийгмий тодорхой хэсэгт  энэ  сонголт огт таалагдахгүй байгаа бололтой. Сонгууль болгоны араас хийсэн сонголтдоо харамсдаг муу зуршилтай болоод монголчууд бид уджээ.

Энд “өөрөө, өөрийнх нь дэмждэг хүн сонгогдож чадаагүй тохиолдолд бүгд муу” гэж үздэг  буруу зуршлыг  дор бүртээ тунгаан үзэх хэрэгтэй болжээ гэж хэлэх гэсэн юм. Түүнээс биш олонхийн дэмжлэг авсан нэр дэвшигчийг дагаж намирах үүднээс  болсон явдалд  хандах гэсэнгүй.

Ардчилсан намын даргын сунгаанд нэр бүхий таван  хүн дэвшсэнээр өнөөдрийн гомдол гаргах суурь нь тавигдсан гэж үзэж болно. Тодруулбол сонгуулийн штабынханд нэр дэвшигч нь үзүүрт хүрвэл өөрөө араас нь залгана дараагийн албан тушаалд  очно, эрх мэдэлд хүрнэ гэсэн давхар санаатай хүмүүс дэндүү олон байгаатай  энэ байдал холбоотой мэт.

Сунгааны сурталчилгааны үйл явцыг харахад  штабынхны байр суурь нэр дэвшигчийн байр сууринаас илүү өндөр байгаад байсан. Тэд дэндүү эмзэг “уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлав” гэдэг шиг л юм болж байсан даа. Тэндээс хэл ам, хэрүүл шуугиан  усны ундрага шиг оргилж байсан  шүү дээ. Тэр ч үүднээс гомдлыг нэр дэвшигчид биш, нэр дэвшигчийн штабууд гаргалаа.

Санал хураалтын өдөр сошил ертөнцөөр нэр дэвшигч С. Эрдэнэ мөнгө тараасан гэж баахан гөвсөн. Үүнтэй зэрэгцээд гарсан нэг зүйл Ардчилсан намын гишүүд сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасагдсан тухай. Тэгэх тэгэхдээ олны танил,  олон хүн саналаа өгөөгүй явдал гэж тэдний нэр хүндийг өндөрт өргөв. Ийм хүмүүсийн магнайд  Р. Гончигдорж хүүтэйгээ цохиж явна. Араас нь УИХ-д  сонгогдож байсан бас бус хүмүүс байна.

Нэг үгээр хэлбэл намын анхан шатны үүрт эдгээр гишүүдийн  бүртгэл байгаагүй гэсэн үг. Уг намаас нэр дэвшээд хууль тогтоох төрийн эрх барих  дээд байгууллагад удаа дараа сонгогдож байсандаа олны танил гэж тэд эрджээ. Гэвч тэднийг намынх нь анхан шатны байгууллага болох үүр нь таньсангүй.

Ардчилсан намын анхан шатны үүрийн босгоор ороогүй. Харин дээд байгууллагын салхивчаар орж  “сарнай” болдог, санасанаа хийж, сарвайснаа авдаг гишүүд энэ намд олон байгаа бололтой. Тус намын дотоод сонгуулийн  гадаад  төрхийг тэд бүрдүүллээ.  Тэдний бүрдүүлж буй гадаад төрхөөр  Ардчилсан намын дотоод сонгууль хамгийн балиар нь.

Харин анхан шатны үүрт бүртгэлтэй, санал хураах байранд очиж санал өгсөн, Ардчилсан намыг босгож, босгыг нь элээж яваа бор гишүүдийн хувьд  амьдрал ахуйд нь ямар нэг өөрчлөлт орохгүй, ердийн нэг  сонгууль болон өнгөрчээ. Энэ удаагийн сонгогчдын үнэмлэхүй олонх нь 40-өөс дээш насныхан байсан нь онцлогтой.

С. Эрдэнийг даргаар сонгосон нь хамгийн муу сонголт байж болно. Тэгвэл гишүүдэд үүнээс өөр сонголт хийх боломжийг тус  нам олгоогүй л байхгүй юу. Намаа босгож. босгыг элээсэн бор гишүүд, Богдын сэнтий зүүдэлдэг дарга гишүүдийн хооронд хэдэн хуруу зай байгааг хэлж мэдэхгүй. Чих, нүд хоёрын хоронд бол дөрвөн хуруу зай бий.