ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголбанкнаас Төрийн ордонд хамтарсан мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.
Өнгөрөгч пүрэв гаригт УИХ дахь МАН-ын бүлэг ОУВС-гийн асуудлаар ээлжит бусаар хуралдаж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн.
Тэгвэл өнөөдөр уг асуудалтай Засгийн газрын гишүүд ээлжит бус хурал зарлаж танилцсан бөгөөд хэлэлцээрийн үр дүнгийн талаар ийнхүү мэдээлэл өгч байна.
Монгол Улсын Засгийн газар болон олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн тухайд дараах мэдэгдлийг хийлээ.
ОУВС Монгол Улсыг “Extended facility fund” хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл өгөхөөр боллоо.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удаашир, төсөв төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна.
Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон улсын валютын сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болж байгааг онцоллоо.
ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Ингэснээр төлбөрийн тэнцлийг сайжруулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, дунд болон урт хугацаанд өрийн дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, 8,1 хувьд хүргэх, инфляцийн түвшин 6,1-7 хувь хүргэх төлөв гарчээ.
САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ТӨСВИЙН ТОДОТГОЛОО ЯАРАЛТАЙ БАТЛУУЛНА
-Зургаан сарын хугацааны хэлэлцээрийн хүрээнд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт олгох бол ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5,5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авна. Түүний дотор БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгаа.
Үлдэж байгаа 3,5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк бусад хандивлагч орнуудаас босгохоор төлөвлөсөн. Хөтөлбөрийн хүрээнд төсийн бодлого, мөнгөний бодлого, банкны салбарын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван үндсэн бодлого хэрэгжүүлнэ. Энэхүү хэлэлцээ нь ажлын хэсгийнхний түвшинд хийсэн тохиролцоо юм. Дараагийн шатанд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл асуудлыг баталгаажуулснаар хөтөлбөр албан ёсоор хэрэгжинэ. Түүнээс өмнө бид 2017 оны төсвийн тодотголоо батлуулах, мөн зарим ОУВС-аас тавьсан тодорхой шаардлагыг биелүүлсэн байх шаардлагатай байгаа. Мөн ОУВС, Засгийн газар, Монголбанк хамтраад 2017 онд эдийн засгийн өсөлтийг -0,0 хувьтай байхаар тооцоолсон бол 2018 онд эдийн засгийн өсөлтийг 1,8 хувь, 2019 онд 8,1 хувь хүргэх тооцоо хийсэн. ОУВС-тай хийх хэлэлцээр амар байгаагүй гэдгийг онцлон хэлмээр байна.
КОШИ МАТАЙ: ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 5,5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ДЭМЖЛЭГ ОРЖ ИРНЭ
ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай
-ОУВС-ийн ажлын хэсэг болон Монгол Улсын Засгийн газар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх тохиролцоонд хүрлээ. Хөтөлбөр нь ОУВС-аас хэрэгжүүлдэг зээлийн хөтөлбөрүүд дундаа том байр суурь эзэлдэг. ОУВС-ийн зүгээс олгох мөнгөнөөс гадна Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт хоёр талт болон доноруудаас нийт гурван тэрбум ам.долларын санхүүжилт авах нөхцөл бүрдсэн. Хөтөлбөрийн хүрээнд 5,5 тэрбум ам.долларын туслалцаа, дэмжлэг орж ирнэ. 2009 онд хэрэгжиж байсан ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 300 сая ам.доллар хүрэхгүй хэмжээний санхүүжилт байсан бол түүнээс 20 дахин их хэмжээний санхүүжилт энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд орж ирнэ.
Өнөөдрийн зарлаж байгаа тохиролцоо бол ОУВС-ийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо. Энэ тохиролцоог баталгаажуулахын тулд юуны түрүүнд дэмжлэг өгөхөө мэдэгдсэн олон талт болон хоёр талт байгууллагуудаас албан ёсны баталгаа гаргуулах ёстой. Мөн урьдчилсан арга хэмжээ авах ёстой. Өөрөөр хэлбэл, ОУВС-ийн захиралуудын зөвлөлийн хурал хүртэл Монгол Улсын Засгийн газар урьдчилсан арга хэмжээ буюу гурван арга хэмжээ авсан байх шаардлагатай. Тодруулбал, 2017 оны төсөвт тодотгол оруулах, банкны салбарт хийх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх, Монголбанкинаас санхүүжүүлдэг төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох гэсэн гурван ажлын хийх шаардлагатай. Монголын талаас эдгээр нөхцөл шаардлагуудаа биелүүлэх, хэрэгжүүлээд эхэлсэн тохиолдолд ирэх гуравдугаар сард ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдаж, хөтөлбөр хэрэгжих байх гэж бодож байна” гэлээ.
ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжих хугацаанд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн бодлого, үр ашиггүй зардлыг танах, орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг сануулсан.
ЗАРИМ ТАТВАРУУДЫГ НЭМНЭ
Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээ авахаар тусгажээ. Тухайлбал,
Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс
Хүн амын орлогын албан татврыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх
Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар
Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар
Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.
Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх
Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах зэрэг найман арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
ТӨСВИЙН ЗАРЛАГА БУУРУУЛАХ ТАЛААР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА
Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаж, үүний үр дүнд өртөг 10 хувь бууруулна.
Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн.
2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй. Зорилтот бүлгийн 40 хувьд өгнө. Гэхдээ үүнийг хоолны талон олгох байдлаар олгоно.Зорилтот бүлгээ зөв тодорхойлох.
Нийгмийн халамжийн давхцуулахгүй байх чиглэл өгчээ.
Төрөөс цэргийн албан хаагчид орон сууц болгох эсвэл түрээсийн мөнгө өгөх заалт баталсан байсан. Энэ хүрээнд төсөвт 50 орчим тэрбум төгрөгийн зардал үүсэхээр байсан. Харин үүний ОУВС-аас хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгох заалт оруулжээ.
Ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлнэ. Ингэхдээ ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газарт шилжүүлэхээр болсон. 2018 оноос ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжүүлж, 2017 онд одоо хэрэгжиж байгаа журмаа хадгалж үлдэнэ гэв.