Монголын морин спортын зууны манлай эмэгтэй тамирчин, Олимпийн морин спортын анхны Гавьяат Т.Цэрмаа гуайтай бид хэсэг хугацаанд ярилцсан юм. Тэрээр саяхан Тайвань улсын Тайпинь хотноо болсон олон улсын тэмцээнд саадтай харайлтын төрлөөр амжилттай оролцоод ирсэн юм.
-Та саяхан Тайвань улс руу яваад ирсэн. Ямар тэмцээнд оролцов. Энэ тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уу? Мөн өөрсдийн зардлаар явсан уу?
-Тиймээ. Саяхан Тайвань улсад болсон ОУ-ын саадтай харайлтын тэмцээнд Алтай клубынхаа нэг тамирчинг авч явж оролцоод ирлээ. Энэхүү тэмцээн бол газар газрын хот бүрт шилжин, жил бүр зохион байгуулагддаг тэмцээн. Манайх өмнө нь мөнгө, санхүүгийн байдлаас шалтгаалаад явж чаддаггүй байсан бол энэ жил “Алтай констракшн” компаниар ивээн тэтгүүлж яваад ирлээ. Энэ жил Тайваний Тайпинь хотод 13 орны 26 тамирчин оролцсон. Манай тамирчин саадтай харайлтаараа морио сугалж сугалаагаар оролцсон. Харамсалтай нь Тайванийн нэг тамирчинтай баг болж оролцоод нөгөө тамирчин маань хоёр удаа хоёуланд нь хасагдаад манай эзлэх байрыг хойш татсан учир шагналт байранд орж чадаагүй. Гэхдээ биднийг маш их дэмжиж, бэлтгэл сургуулилт сайн байна хэмээн их урамын үг хайрлаж байлаа. Энэ тэмцээнийг зохион байгуулсан Тайпинь хотын Морин спортын холбооноос бид нарт талархлын бичиг, дараагийн тэмцээний урилгыг явуулсан байна лээ. Ер нь цаашид он гаргаад энд, тэнд болж байгаа боломжит тэмцээн, уралдаануудад байнга оролцох бодолтой байгаа.
-Монголд морин спортын саадтай харайлтын төрлийг хэр зэрэг дэмждэг вэ?
-Монголын Сонгодог морин спортын холбоо гэж байдаг юм. Тэр холбооны олон гишүүд энэ чиглэлийн спортыг хөгжүүлэхийн тулд хичээн ажиллаж байгаа. Мөн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн морин спортын клуб гэж байна. Энэ клубын үйл ажиллагаатай энэ спорт салшгүй холбоотой. Дээр нь би “Алтай” клубээ байгуулаад тамирчдаа бэлдээд явж байна. Одоогоор дээрх байгууллагууд санхүүгийн боломж муутайгаас аливаа тэмцээн уралдаанд оролцох боломж муутай байгаа учир би хувиараа тамирчин, дасгалжуулагч нараа авч, Алтай констракшнаар ивээн тэтгүүлээд явсан. Цаашид ММСУХолбоонд орох санаатай хүсэлт тавьж байна. Хэрвээ орохгүй байсан ч гэсэн Морин спортын Азийн холбоо гэж байдаг. Тиймээс энэ холбоогоор дамжуулж Саадтай харайлтын төрлөөр аливаа уралдаан тэмцээнд алгасахгүй оруулж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан байгаа. Бусад спортыг бодвол энэ спортоор тэмцээн уралдаанд оролцоно гэдэг их асуудалтай шүү дээ. Наад зах нь морио яаж авч явах , хэрвээ морьгүй явъя гэхэд очоод нэг морь сугалах явдал гарна. Тэр сугалаанд таарсан морио сайн мэдэхгүй, уралдааны өмнө 30-хан минутын дотор бэлтгэл хийгээд шууд орох жишээтэй. Дээр нь нэмээд мориныхоо хөлс мөнгийг нь өгөхөөс эхлээд зардал өндөртэй спорт.
-Саадтай морин харайлт чинь олимпийн төрөл зүйлд багтсан байдаг. Цаашдаа Монгол улсаа төлөөлөөд олоимпод оролцох боломж бий юу? Үүнд тамирчдын бэлтгэл сургуулилт хэр зэрэг хангалттай байгаа вэ?
-Олимпод оролцох бүрэн боломжтой. Тамирчдын бэлтгэл сургуулилт хангалттай байна. Сая тэмцээнд харж байхад бусдаас дутах зүйл юу ч байхгүй эн тэнцүү л оролцож байна. Мөн өөр олон шавь нар ч байна. Гагцхүү материаллаг бааз, мөнгө санхүүгийн асуудал байна. Гэхдээ он гаргаад гайгүй болох байх. Олон хүмүүс дэмжиж, санаа тавьж байна.
-Ер нь Монголд саадтай морин харайлтын тэмцээн болдог уу?
-Энэ төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Улсын аварга, хотын аварга шалгаруулах тэмцээн болдог. Харин олон улсын тэмцээн зохион байгуулагдах боломжгүй. Харин цаашид хоёр жилдээ хүн, морь хоёроо бэлдэж болох асуудал.
-Шинэ монгол адуугаараа л энэ чиглэлээр сайн бэлдвэл зохиотой юм шиг…
-Энэ адуугаараа л бэлдэх нь зөв. Уралдаанд нэг их амжилт гаргадаггүй адуу байдаг. Энэ адуун дээр нь, хурдын морь унахад томдох болсон хүүхдүүдийг тамирчнаар нь би бэлдэж өгөе. Харин та нар тэмцээн уралдаанд орооч гэсэн санал тавиад байгаа. 2015 он гэхэд илүү өргөн хэмжээнд сайхан зохион байгуулагддаг болно гэсэн бодолтой байна.
-Ер нь олон улсад энэ төрлийн спортыг дэмжээд байвал манайхан амжилт гаргах бүрэн бололцоо байгаа юм байна …
-Боломж бий. Ганцхан зардал, мөнгөний асуудал гэсэн бэрхшээл байна. Дандаа нэг компаниар даалгах, эсвэл хувиасаа гаргаад явахад хэцүү. Тэгээд явахдаа бид ганцхан тамирчинтай явдаг. Уг нь 2-3 тамирчинтай явбал илүү амжилттай явна шүү дээ.
-Олон улстай харьцуулахад Сонгодог морин спортын чиглэлээр цаашид анхаармаар зүйл юу байна? Давуу тал юу байна вэ?
-Анхаармаар зүйл нь бол морин дээрээ л анхаармаар байна. 1965-1990 он хүртэл манайх морь сайтай байсан үе. Энэ эрлийз морин дээрээ бэлтгэлээ хийчихдэг олон морьтой, олон тамирчинтай байсан. Зах зээлийн үед энэ спорт маань хаягдаж, одоо л эргээд сэргэж эхэлж байна. Одоо 2-3 жилийн дараа сайхан болох байх. Цаашид Азийн аваргад бүр Олимпод ч орж болох юм байна гэдгийг ойлгож байна. Материаллаг бааз, бэлтгэл сургуулилт хийх нөхцлөө цаашид хангах хэрэгтэй. Бидний давуу тал бол монгол хүн мориндоо аргагүй гарамгай байдаг. Ямар ч морь унасан, тэр өндөр саад дээгүүр харайлгаад бусад улсын ямар ч тамирчдыг араасаа дагуулахгүй явдаг. Монголын маань тамирчид хаана ч зоригтой, чадварлаг байдаг.
Нүүр Онцлох том Морин спортын гавъяат тамирчин Т.Цэрмаа: Монголын маань тамирчид хаана ч зоригтой, чадварлаг...