Хөршүүдийг зорьсон айлчлал

815

-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ойрдоо яваа ихтэй байна. Тэрбээр 2017 оны хоёрдугаар  сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д тус улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар айлчлаад ирсэн бол өнөөдөр БНХАУ дахь түүний айлчлал эхэлж байна-

“РОСТЕХ”-ИЙН УУЛЗАЛТГҮЙ АЙЛЧЛАЛ

Монгол Улс, ОХУ-ын  гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцаанаас гадна бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцээ хийсэн юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд  С.В.Лавров “Уламжлалт сайн хөршүүд болох монгол, оросын харилцааг бид үнэлдэг. Стратегийн түншлэлийн нөөц бололцоог дээд хэмжээгээр ашиглах тухай хоёр талын удирдагчдын хүсэл эрмэлзлэлийг  2009 оны Тунхаглалд бататган зааж өгсөн” гэдгийг онцгойлон тэмдэглэсэн.

 Сайд нар  цаашид хоёр талын  харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, хил залгаа бүс нутгийн хоорондын худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг дурдсан. Энэ бол манай улсын хувьд анх удаа сонсож буй шаардлага огтоос биш. Шаардлага гэдэг үг дипломат харилцаанд хатуудах учраас “шаардлагатайг дурдлаа” хэмээн зөөллөсөн биз ээ. Монголчууд гэрээ хэлцэл хийх гэж хичээн ажилладаг ч  ажил хэрэг болгох тал дээр хойрго гэдгийг хөршүүд өмнө нь ч сануулж байсан. Энэ удаа ч санууллаа.  Тиймээс энэ удаа ч мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн заалтуудыг ажил хэрэг болгох, Эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол, Орос, Хятад гурван талт хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэн, хоёр талын төрийн холбогдох  байгууллагуудын хэмжээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахаар болсон юм.

Түүнчлэн айлчлалын үеэр ОХУ-ын Ростех компанийн удирдлагууд Ц.Мөнх-Оргил сайдтай уулзах хүсэлт тавьсан гэсэн албан бус мэдээлэл түгээд байсан билээ. Нефть импортлогч хоёр компани шатахууны үнэ ханшаа 100-150 төгрөгөөр нэмэгдүүлсэн цаг мөчтэй давхацсан энэхүү уулзалт ердийн тохиолдол биш гэсэн хардлага нийтийн дунд байсан ч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр “Ростех” компанийн төлөөлөгчидтэй уулзах хөтөлбөр байхгүй. Тус компанийн зүгээс тийм хүсэлт ч тавиагүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

ӨМНӨД ХӨРШӨӨС ЗЭЭЛ ТУСЛАМЖ ГУЙХГҮЙ

Хойд хөршөөс ирээд удаагүй  Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өмнөд хөршийг зориод байна. Тэрбээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар өнөөдрөөс эхлэн хоёр өдөр (2017 оны хоёрдугаар сарын 20-21-ний өдрүүдэд)  БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийхийн сацуу БНХАУ-ын дэд ерөнхийлөгчид бараалхана. Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны тохиролцоонуудыг ажил хэрэг болгох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зэрэг асуудлаар санал солилцохоор төлөвлөснийг Гадаад харилцааны яамнаас тодотгож байгаа.

Аливаа үйл явдлыг дуулиан шуугиан дагуулахгүй орхидоггүй орчин цагийн жаягаар сайд Ц.Мөнх-Оргилын өмнөд хөршийн айлчлалыг 4,3 тэрбум ам.долларын зээл тусламжийн сураг ажиг дагалдаж амжсан. Үүнийг ч Гадаад харилцааны яамнаас үгүйсгэсэн. Харин Монголбанк  Хятадын Төвбанк хоорондын своп хэлэлцээрийн хугацааг сунгах талаар ярилцана гэдгийг Монголбанкныхан тодотгожээ.

Монголбанк  Хятадын Төвбанк хоорондын хэлэлцээрийн хугацаа ирэх наймдугаар сард дуусна. Тодорхой үйл явдлаас болоод энэ хэлэлцээ зогсонги байдалд орсон. Гэтэл өчигдөр /2017.02.19/ БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлэлцээрээ цаашид үргэлжлүүлье гэсэн урилга ирсэн байна. Тиймээс ойрын үед хугацаа сунгах асуудал яригдаж амжилттай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ. ОУВС-гийнхан энэхүү своп хэлэлцээрийг амжилттай явуулж идэвхижүүлэхэд зуучилж өгсөн байна.