Хялбар аргаар мөнгө олох хүсэл ба “хулхидуулж” дуусдаггүй монголчууд

477
Мөнгөтэй болох гоё  л доо. Гэхдээ зүгээр байж байгаад мөнгөтэй болно гэвэл үлгэр. Гэсэн хэдий ч монголчууд хэдэн зуугаараа үлгэрт итгэчихээд өнөөдөр хохирогч болчихоод байна. Тодруулбал, Казахстан улсын Засгийн газрыг нэрийг барьж, Монгол Улсад санхүүгийн луйвар хийсэн “G-time” гэх сүлжээний хохирогчид өнөөдөр хэдэн зуугаараа хохирогч болжээ.

“G-time” гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар “G-time корпорейшн” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн болох нь тогтооджээ. Ингэхдээ Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиж үзэхэд энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ хийхгүй байгаа нь тогтоогдсон байна. Харин бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтад хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байсан аж.

Улмаар тус компаниас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа “Автомашины хөтөлбөр” нь иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй “хууран мэхэлж ашиг хонжоо олох” хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна. Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” гээчийг явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээн дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм” гэх дүгнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийг их хэмжээний буюу 20 гаруй сая төгрөгөөр элсэн оруулаад байр өгнө хэмээн төөрөгдүүлж, онц их хэмжээгээр залилан мэхлэхээр төлөвлөж байсан нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой болоод байгаа аж.

Луйвардуулахад боловсрол хамаагүй бололтой

Тэгвэл “G-time” гэх энэ луйврын сүлжээнд сургуулийн багш нар олноор элсэж хохирсон мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар энэ луйврын сүлжээнд элсэж,  мөнгөөрөө хохирсон олон иргэн цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж байгаа бөгөөд 21 аймгийн бүх суманд уг сүлжээнд элссэн иргэд байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн нэгэн сургуулийн багш нар дороо хүн элсүүлэхийн тулд цалингийн зээл авч, ах дүү, найз нөхөд гээд бүгдийг ятгаж оруулсан байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн багш нар ихэнх нь энэ сүлжээнд хамрагдсан бөгөөд сургуулийн захирлаасаа эхлээ жижүүр нь хүртэл сүлжээнд элсчээ. Ардын хүүхдийг сургаж, хүмүүжүүлэх үүрэгтэй багш нар ийнхүү амар хялбар аргаар мөнгө олохыг хүсч хэдэн арваараа сүлжээнд элссэнийг олон нийт луйвардуулахад боловсрол хамаагүй бололтой хэмээж байна. Дээрх багш нар өнгөрсөн 2016 оны 12 дугаар сард элссэн бөгөөд өнөөг хүртэл мөнгөө авч чадаагүй учраас өдгөө хохирогч болчихоод байгаа аж.

Засгийн газрын тэргүүний нэрээр хүртэл “шоудав”

“G-time” гэх сүлжээнийхэн иргэдэд итгэл үнэмшил төрүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг хүртэл ашиглаж, цахим сүлжээнд зар тараасан. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгдэл гаргасан байдаг. Мэдэгдэлд, “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “G-time” гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямар ч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно. Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа мэдээллийг цааш түгээж, иргэдийг төөрөгдүүлэхэд “хувь нэмэр”-ээ оруулахгүй байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүсээс хүсч байна.

Дашрамд дурдахад санхүүгийн пирамид бүхий энэхүү сүлжээ нь Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллага шалгаж тогтоон ард түмэнд үнэн зөвөөр нь даруй мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байна” хэмээсэн. Ингэж албан мэдэгдэл гаргаад байхад л иргэд сүлжээнд элссээр байсан гэхээр энэ сүлжээнийхэн тархийг нь нэлээд угаасан бололтой.

“G-time”-ын үүсгэн байгуулагчдын нэг Ж.Маратыг саатууллаа

“G-time” сүлжээний үүсгэн байгуулагчдын нэг Ж.Марат болон холбогдох найман хүнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан байна. Ж.Маратыг энэ сарын 12-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээс баривчилж, Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, санхүүгийн пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлсэн байна.

Түүнд энэ сарын 10-ны өдөр хилийн хориг тавьсан аж. Мөн түүний эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч тэрбээр тухай өдөр Монгол Улсын хилээр нэвтрэн, нутаг буцсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Одоогоор сэжигтэн Ж.Маратын дансан дахь зургаан тэрбум төгрөгийг хууль, хяналтынхан битүүмжлээд байгаа аж. Улмаар хэчнээн иргэдийг санхүүгийн пирамидын луйврын аргаар хохироосон гэдгийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

 Сүлжээний хохирогчид мэдүүлэг өгч байна

Эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдэн төгрөгийн мөнгө угаасныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Улсын мөрдөн байцаах газарт хохирогчдоос мэдүүлэг авч байгаа юм байна. Энэ сүлжээний тухайд, “Бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтад хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийж, иргэдийг илт төөрөгдүүлж, нэг хүнд мөнгө өгч бусад хүмүүс хохирч үлдэж буй нь гэмт хэргийн шинж агуулсан” гэж албаны эх сурвалж мэдээлсэн талаар хэвлэлүүд онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хуулиар хориглосон байдаг.

Тодруулбал, 2001 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хуульчилснаар, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглодог байна. Мөн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д “Бусдын эд хөрөнгө, эсвэл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авснаар иргэнд хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.

Дахиад л төр хохирол барагдуулах уу

2006 онд Хадгаламж зээлийн хоршоод шил шилээ даган дампуурч, олон зуун хадгаламж эзэмшигчид хохирч байв. Хадгалуулсан мөнгөө алдсан иргэдийн зарим хэсэг нь олноороо амиа хорлож ч байсан түүхтэй. Хохирогчид тухайн уед актелен зарлаж,  МАХН /МАН/-ын байрны гадаа гурван cap суулт зарласны үр дүнд нэг удаагийн хохирол барагдуулах хууль батлагдсан юм.

2008 оны сонгуулиас өмнө эрх баригчид 26 хоршооны битүүмжилсэн хөрөнгө 43 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 10 гаруй тэрбумын зээлдэгч, 20 гаруй газар таван лицензийг цагдаагийн битүүмжлэлд авч, хохирогчдын хөрөнгийг бүрэн барагдуулна хэмээн Засгийн газар авсан юм. Ингэснээр 2007 онд иргэдийн хохирлыг 50 хувь барагдуулсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл өдгөө “G-time” гэх сүлжээний хохирогчдын хохирлыг хэн барагдуулах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар “G-time” сүлжээний хохирогчдын тоо 400-д хүрч, хохирлын хэмжээ 200 саяд хүрсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн энэ талаар цахим ертөнцөд “Хэн нэгэн хүчээр элсүүлээгүй өөрөө сайн дурын үндсэнд элссэн учраас гэмт хэрэгт тооцохгүй. Хохирсон хүмүүсийн хохь болоод үлдэнэ” гэж байр сууриа илэрхийлэгсэд ч байна.

Мөн “Одоо энэ сүлжээний хохирогчид нийлж, жагсаал хийж, төрөөс мөнгөө шаардаад эхэлнэ дээ. Дахиад л төр хохирол барагдуулах болчихно оо” гэж халаглагсад ч байгаа юм.

Эх сурвалж http://www.info.mn