Дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент “The Voice” шоуг “Авьяаслаг Монголчууд” шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан “Монгол ТВ”-ийн уран бүтээлчид эх орондоо хийхээр болжээ.
Голланд улсаас гаралтай “The Voice” шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байна.
Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай аж.
Цоо шинэ “бэлгийг” үзэгчидтэй барих гэж буй “Монгол ТВ”-ийн захирал Ч.Номинг та бүхэнтэй уулзуулж байна.
– Шинэ төслийн ажилдаа хэзээнээс оров?
– 2015 оноос энэ төслийг хийхээр хөөцөлдөж эхэлсэн юм. Ингэж бүтэн жил хэлэлцээр хийсний дараагаар сүүлийн таван сарын хугацаанд гэрээний нөхцөл болгон дээрээ тохиролцоонд хүрч өнгөрсөн сард гэрээгээ эцэслэлээ. Нэвтрүүлгийн бэлтгэл ажлыг хангах сургалт маань хоёрдугаар сарын 18-нд эхлэх гэж байна.
– “The Voice” буюу зөвхөн дууны шоуг сонгох болсон шалтгаан юу байв?
– Бидний зорилго дэлхийн хэмжээнд зэрэглэл, үзэгчдийн тоо,төсөв, цар хүрээгээрээ эхний тавд багтах шоуг Монголд оруулж ирэх.
Учир нь Монголчууд маань олон улсын хэмжээний стандартад нийцсэн монгол контентоо үзэж байж л бусадтай ижил түвшинд хөгжих боломж бүрдэх юм.
Энэ зарчмаар харвал “The Voice” зэрэглэлээрээ эхний нэг, хоёрт явж байгаа шоу. Дээрээс нь бидний “Авъяаслаг Монголчууд” шоуг хийсэн туршлага маань “ The Voice”–г ч бас хийх боломж байна гэж харахад хүргэсэн.
– “Авьяаслаг Монголчууд” шоу ингээд зогсож байгаа гэсэн үг үү?
– “Авьяаслаг Монголчууд”-ийн тухайд шоуны эрх эзэмшигч “Fremantle Media”-тай үргэлжлүүлэх гэрээгээ зурчихсан. Учир нь Монголчуудын хувьд “Авьяаслаг Монголчууд” шоуг хоёр жил дараалж амжилттай хийгээд мөн дээрээс нь Азидаа хүлээн зөвшөөрөгдсөн жишиг контент болчихсон учир Монголчуудыг хийлгэх сонирхолтой байсан учраас бид гэрээгээ үргэлжлүүлж зурсан.
Гэхдээ бид жилдээ нэг л ийм том хэмжээний төсөлд орох боломжтой учир энэ төслүүдээ сөөлжүүлнэ.
– “Авьяаслаг Монголчууд”шоуны хувьд 1.5 тэрбум төгрөгөөр бүтсэн тухай өмнө нь ярьж байсан. Харин “The Voice of Mongolia”-ийн төсөв ямар байх бол. Харьцуулбал?
– Их.
Шинэ шоу маань хамгийн багадаа хоёр тэрбумаар хийгдэнэ гэсэн урьдчилсан төсөөлөл гарсан. Цар хүрээний хувьд “Авьяаслаг Монголчууд”-тай ойролцоо ч продакшн, ажиллагааны хувьд илүү өндөр шалгууртай. Дээрээс нь энэ шоу өөрөө үе шат ихтэй учир тэр болгонд нь таарсан тайз засах зэрэг ажиллагаа их орно. Мөн “The Voice”-ийн дүрэм нь хүний сонирхол татахуйц нугалаа сайтай контент юм.
– Ийм том хэмжээний шоу бүтээхдээ мэдээж урьдчилан санхүүгийн эх үүсвэрээ шийдсэн байх. Ивээн тэтгэгчид нь тодорхой болсон уу?
– Шоуны өртөг нь гэхэд бараг дунд зэргийн компанийн жилийн төсөвтэй тэнцэхүйцхэмжээнийх. Тийм бага дүнтэй биш учраас бид урьдчилсан төлөвлөгөөгүй зүйл мэдээж хийхгүй.
Маш их хүнтэй уулзаж, санал солилцож байж энэ шоуг хийхээр шийдсэн. Ивээн тэтгэгчидтэйгээ урьдчилсан байдлаар яриа хэлэлцээндээ орчихсон. Нэг байгууллага нь гэхэд сонгогдчихсон. Гэхдээ албан ёсоор зарлахад арай эрт байна. Бид сонгосон ивээн тэтгэгчийнхээ тухай мэдээллийг шоуны эрх эзэмшигч газар руу явуулж улмаар хүлээн зөвшөөрүүлэх үүрэгтэй.
– Хямралын үед ийм үнэтэй шоунууд хийх нь өөрөө зөв үү гэдэг асуулт гарч ирнэ. Бүсээ чангалж, илүү хөдөлгөөн хийхгүй амьдрах зарчмыг зарим нэг нь дэвшүүлээд байгаа шүү дээ.
– Хямралыг бүсээ чангалж давж гарах нь буруу биш. Зөв. Гэхдээ нөгөө талд хямрал гэдэг өөрөө боломж.
Бизнес талаасаа бид зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх ёстой. Мөн би өмнөх ярилцлага дээрээ ч хэлж байсан. “Монгол ТВ” бол “Гацуурт” компанийн нийгмийн хариуцлагын үүднээс хийж байгаа ажлын нэг. Энэ үүднээсээ хямралтай байх үед нийгэмд эерэг зүйл бий болгож гаргаж ирэх хэрэгтэй гэж үзэж байна.
Манай телевизийн хувьд ашиг гэхээсээ санхүүгийн балансаа л барьж байх нь чухал гэж үздэг. Тиймээс ч ивээн тэтгэгчээ олчихвол бид ийм том алхмуудыг хийж болж байна.
Дээрээс нь “ The Voice” шоуны хувьд “Авьяаслаг Монголчууд” шиг үзэгчиддээ ч, ивээн тэтгэгчиддээ ч өгөөжтэй нэвтрүүлэг болно гэж үзэж байгаа учраас үүнийг хийж байна. Нийгмийн хэцүү нөхцөлд ийм эерэг агуулга өгөх нь өөрөө их чухал.
– “Авьяаслаг Монголчууд” шоуны зорилго таныхаар биеллээ олсон уу?
– Энэ шоуг анх хийж эхлэхдээ л бид Монголчууд Монголчуудыгаа таниасай гэсэн зорилготой байсан. Энэ зорилгоо ч биелүүлсэн болов уу. Дээрээс нь маш олон хүнтэй уулзаад явж байхад “Авьяаслаг Монголчууд” шоу “Манай гэр бүлийг нэг цаг хугацаанд нэг газарт нэгтгэж чадсан”гэж хэлсэн. Тэгэхээр “Авьяаслаг Монголчууд” шоуны хоёр дахь том өгөөж нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болгоход тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу гэж бодсон. Энэ бол нийгэмд өгсөн өгөөж.
Зөвхөн нэг контентоос л ийм нөлөөлөл мэдрэгдэж байхыг сонсоход хэвлэл мэдээллийнхэн бидэнд ямар их боломж байна вэ гэж би бодож байна. Тэр саарал ордноос илүүтэйгээр бид хүмүүст яаж нөлөөлж болох вэ гэдгийг харуулж байна.
Мөн байгууллагын хувьд буюу бизнес өгөөжийн тал дээр залуус маань маш их зүйлийг сурсан. Манай залуучууд хаана ч очоод ямар ч шоуны зохион байгуулалт, найруулга тал дээр хөл алдахгүй болсон гэж боддог. Тайз, дэлгэцийн урлагийг бид маш сайн хэмжээнд ойлгож авлаа. Миний хувьд энэ маш үнэтэй өгөөж. Бас нэг үлдэж байгаа зүйл нь телевизийн маань брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн. Мөн ивээн тэтгэгч нартайгаа эргэж уулзахаар тэдний хувьд ч өгье гэсэн мессежээ олон нийтэд маш сайн өгч чадсан, үндэсний брэнд болж чадсан тухайгаа хэлж байлаа. Жишээ нь, Хасбанк гэхэд брэндийн шинэчлэлээ (rebranding) маш амжилттай хийсэн тухайгаа ярьсан. Тэгэхээр аль ч талдаа ийм сэтгэл хангалуун байгаа учраас бидний хувьд зорьсон зорилгодоо хүрч чадсан гэж үзэж байна.
– Харин “The Voice”шоуны гол онцлогийг та юу гэж тайлбарлах вэ?
– “The Voice”-ийн хувьд арай өөр зорилготой. Илүү мэргэжлийн талдаа жинхэнэ дуучинг тодруулах зорилготой гэсэн үг.
Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай.
Тодруулбал дуулахыг мөрөөдөгсөд бус жинхэнэ дуулах авьяастай нь өрсөлддөг нь энэ шоуны онцлог.
Мөн оролцогчдынхоо зөвхөн хоолойг л сонсдог тул оролцогчдын нас хүйс, өнгө зүс үүнд огт хамаагүй.
Түүнчлэн шоуны шүүгчид нь хүртэл оролцогчтойгоо хамтран тэднийг дасгалжуулж багшилдаг нь“ Зөвлөх Шүүгчид”-ийн гол өрсөлдөөнийг харуулдаг.
Мэдээж зөвлөх шүүгчдийн өрсөлдөөний үр дүн тайзнаа гардаг учраас энэ бол жинхэнэ авьяастнуудын талбар байх болно.
Тус шоуны нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн дөрвөн үе шаттай.
Бид өмнө нь нэг л удаа урьдчилсан шалгаруулалт хийдэг байсан бол “ The Voice” дээр хоёр удаа урьдчилсан шалгаруулалт хийх ёстой. Эфирт гарахаас өмнө хоёр удаа урьдчилсан шалгаруулалт хийдэг гэсэн үг. Эфирт гарч, тайзан дээр дуулж байгаа хүн бол үнэхээр дуулж чаддаг л хүн байна. Энэ дундаасаа хамгийн сайн нь л гарна.
Энэ шоуны гол онцлог нь нэгэнт авьяастай нь батлагдсан хүн л тайзан дээр гарч байгаа учраас тэдэн дундаас цойлж гарч ирж байгаа хүн бол Монголын дараагийн том од болох ёстой л гэсэн зарчимтай.
Телевизийн урлаг гэдэг чинь энгийн хүмүүс гайхамшигтай зүйл хийх, олны танил хүмүүс энгийн зүйл хийж байгааг харуулахыг зорьсоор ирсэн.
– “Авьяаслаг Монголчууд” шоуны хувьд үнэхээр сайн үзэлттэй байсныг судалгааны байгууллагаас танилцуулсан. Харин “The Voice” шоуны үзэлтийг яаж барих вэ?
– “Авьяаслаг Монголчууд” шоуны хувьд нийт хүн амын 80 хувь нь энэ нэвтрүүлгийг үзсэн тэр дундаа 50 хувь нь саналаа өгч буюу өөрсдөө оролцож үзсэн судалгаа бий. Энэ бол маш том амжилт. Харин “The Voice”-ийн хувьд өөрөө их нугалаа сайтай, эргүүлэг сайтай, сюрприз элемент ихтэй учраас “Авьяаслаг Монголчууд” шоуны үзэлтээс учиргүй их өөрчлөлт гарахгүй болов уу.
Шинэ шоу маань урлагийн салбарын мэргэжлийн элементүүдээс гадна шоуны үндсэн агуулга дунд Монгол уламжлал маань орж ирнэ, дээрээс нь хувь оролцогчдын өөрийнх нь амьдралын зохиол орж ирнэ гээд сонирхолтой зүйлс ихтэй байх болов уу. Телевизийн урлаг гэдэг чинь энгийн хүмүүс гайхамшигтай зүйл хийх, олны танил хүмүүс энгийн зүйл хийж байгааг харуулахыг зорьсоор ирсэн.
Тэгэхээр бид энгийн олныг гайхамшигтай зүйлд урьж оруулж байгаа учраас нийт үзэгчдийг татах болов уу гэж бодож байна.
– Шоуны багын сонголтыг хийсэн болов уу. Жишээ нь зөвлөх шүүгчдийнхээ сонголтыг хийгээ юу?
– “Авьяслаг Монголчууд” шоуны тухайд шүүгч нар оролцогчдыгоо шүүгээд өнгөрдөг байсан бол энэ шоуны онцлог нь шүүгч гэж байхгүй. Зөвлөх шүүгч гэж байгаад тэд нь авьяастнуудтайгаа ажиллаж өөрсдөө шоун дундаа оролцдогоороо онцлогтой.
Дахиад дээрээс нь зөвлөх шүүгчид маань хүмүүстэйгээ цугтаа дуулна. зөвлөх шүүгчид маань өөрийн багаа бүрдүүлнэ. Хөгжим, дууны найруулга гээд бүх багаа дасгалжуулагчид маань бүрдүүлнэ. Тэгэхээр энэ шоу маань өөрөө урлагийн салбарт бас нэг шинэ дуучдыг нээж гаргаж, шинэ цус сэлбэх боломж өгч байгаа юм.
– Зөвлөх шүүгчдийн сонголт ямар байгаа вэ?
– Цаанаасаа тавьсан маш өндөр шаардлагатай. Чадвар, авьяас, чанарын өндөр шаардлага тавьж байгаа. Тэгэхээр урлагт маш богино хугацаанд өндөрт цойлсон залуу авьяастан эсвэл энэ салбарт их удаан жил ажилласан, хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч эсвэл продюсер хүн байх ёстой.
Одоохондоо сонголтоо арай хийгээгүй байгаа.
– Шоуны ялагч ямар шагналтай вэ?
– Ялагч “Universal Music”- тэй шууд гэрээтэй болдог. Мэдээж ялагч маань өөрөө сайн байж чадах юм бол тэр гэрээгээ ашиглаад явах бүрэн боломжтой. Энэ бол “Universal Music” учраас урлагийн салбарт маш том боломж нээгдэж байна гэсэн үг. Мөн мөнгөн шагналтай. Үүнийгээ одоохондоо жаахан нууцалсан нь дээр болов уу.
– Эфирт хэзээнээс цацагдах вэ?
– Амжвал 2017 онд. Амжихгүй бол 2018 он гэсэн урьдчилсан төлөвлөгөө тавьчихсан байгаа. 2018 нь илүү бодитой болов уу.
– “Монгол ТВ” “Монголын Медиа Корпараци”-тай хамтран шинэ суваг байгуулах тухайгаа мэдэгдсэн. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
– Тийм ээ. Бид цаашдаа хамтран ажиллах үндсэн зарчим тогтоогдсон. Хэд хэдэн шинэ сувгууд хийе гэдэг санал дээр ч тогтсон. Энэ ажилд хоёр талаас ажлын хэсэг гараад бэлтгэл хийгдээд явж байна.
– Танайхаар реклам хийлгэвэл үнэгүй цацаж өгнө гэж байсан. Энэ бизнесийн бас нэг төрлөө нэмж байгаа хэлбэр үү?
– “Монгол ТВ” маань өөрөө өртөг өндөртэй. Тиймээс ч бизнесийн төрлөө нэмэх шаардлагатай болж байна. Нэгэнт бидэнд боломж байгаа учраас яагаад рекламны продакшн ажил руу орж болохгүй гэж бодсон. Гэхдээ бусдын зах зээлийг хуваалцах гээгүй. Дөнгөж эхэлж байна. Бидний хувьд дэлхийн томоохон кино компаниудын ашигладаг их өндөр өртөгтэй ARRI Alexa синиматик камерт хөрөнгө оруулалт хийж авсан. Тиймээс ч бид реклам, кино зэрэг контент руу орж байгаа юм.
“Монгол ТВ” –ийн үндсэн зорилго нь л контент хөгжүүлэх. Контент сайжирч байж л уран бүтээлчид сайжирна.
Хүмүүс надаас Монголчууд олон улсад контентоо нийлүүлж болохгүй юм уу, боломж байдаг юм уу гэж их асуудаг. Гарц бол зөндөө бий. Гэхдээ хамгийн гол зүйл нь бидний контент өөрөө бүх талаараа маш сайн байх ёстой. Тиймээс ч бид залуучуудыгаа дэлхийн томоохон шоу контент хэрхэн бүтдэгт сургаж байна. Мөн дэлхийд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд дээр ажиллуулж сургаж байна.
– Таны хувьд хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагын тодруулсан 2016 оны нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтсан байна лээ. “Авьяаслаг Монголчууд” шоуны нөлөө гэж та бодож байна уу?
– Тийм ээ. Энэ шоу маань л нөлөөлсөн байх. Гэхдээ хамгийн гол нь энэ шоуг ганцхан би хийгээд байгаа юм биш. Энэ телевизэд байгаа ажилчдын 90 хувь нь ажиллаж байж шоу маань бүтэж байна.