Цагдаагийн албан хаагчид гурван хүүхдийн амийг аварлаа

501

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар өчигдөр  дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж явжээ.

Тэд эргүүл хийх үед Согоотын … тоотод айлын хашаа шатаж байсныг шуурхай очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч, түймэр байшин, хажуу айлын хашаа руу орох эрсдэл тулгарсан байна.

Алба хаагчид хажуу айлын хүнээс нь “Онцгой байдлын газарт дуудлага өгөхийг хүсээд”, нэн түрүүнд гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг цурамд оруулаад байхад онцгой байдлынхан ирж, бүрэн унтраасан аж.

Мөн хашаанд гурван автомашин байсан бөгөөд гал тархсан бол илүү их эрсдэл дагуулах байжээ. Иймд иргэд та бүхнийг бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, болзошгүй эрсдэл, аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Цагдаагийн алба хаагчийн болон иргэний үүргээ нэр, төртэй биелүүлж бяцхан үрсийн амь нас, бусдын эд хөрөнгийг үрэгдэх аюулаас аварсан алба хаагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье.