“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан асуудал өдгөө олны анхаарлын төвд байна. Дээрх асуудлыг УИХ-аас байгуулсан ажлын хэсэг шалгаад “Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монгол зэс” корпорацитай хэлэлцээ хийж төрд буцааж авах нь зүйтэй” гэж үзсэн билээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үед гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал АН-ын бүлэг дан ганц 49 хувь ч биш 51 хувийг ч шалгах ёстой гэж үзэж байгаа аж. Энэ талаар С.Эрдэнэ гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр өөрийн мэдэлдээ авах гэж байгаа нь хувийн хэвшлийн өмчид халдсан үйлдэл болж байна. Хэрэв төр 49 хувийг авах эсэхийг хэлэлцэх гэж байгаа бол “Монголын зэс” корпорацийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Иргэн, хуулийн этгээдийн буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтоодог. Гэтэл шүүхийн ямар ч тогтоол, шийдвэр гараагүй байхад УИХ өөрсдийн гаргасан дүгнэлтээрээ асуудлыг шийдэх гэж байгаа нь буруу. Харин одоо төрийн өмчийн 51 хувийг шалгах хэрэгтэй. 51 хувь чинь Лондоныарбитрын шүүх дээр байгаа биз дээ” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энд улсын хулгайлагдсан өмчийн асуудал яригдаж байгаа юм. Наад зах нь их хэмжээний мөнгө хулгайн замаар улсаас гаргаж авч түүгээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан. Тиймээс хууль ёсны өмчийн тухай ойлголт энд байхгүй. Өдөр шөнөгүй зүтгэж байж хөрөнгө босгосон компанийн өмчийг хураах тухай зүйл яригдаагүй. Албан тушаалын гэмт хэрэг, хулгайн тухай л яриад байгаа юм. Хэрэг үйлдсэн хүмүүс шийтгүүлж, төр өмчөө буцааж авах ёстой. Зөвхөн Монголбанкнаас гарсан мөнгөний хэмжээ нь гэхэд л 360 тэрбум төгрөг шүү дээ.
Хууль зөрчсөн нь илэрхий байхад УИХ бүрэн эрхээ шүүхэд шилжүүлчихээд дуугүй суугаад байж болохгүй. Төрийн өмчийг ард түмний өмнөөс өмчлөгч УИХ байна гээд Үндсэн хуульд биччихсэн байдаг. Энэ эрхээ л хэрэгжүүлж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ОХУ руу буцна гэсэн мэдээлэл зохион байгуулалттайгаар тараагаад байх юм. Тийм зүйл болохгүй. ОХУ-ын талтай хийх яриа хэлэлцээ дууссан. УИХ шийдвэр гаргасны дараа Засгийн газар үүргээ гүйцэтгэх ёстой. Түүнийх нь дараа УИХ 2004 оны “Эрдэнэт”-ийн, 2007 оны “Монголросцеветмент”-ийн гэрээг хүчингүй болгоно. Энэ гэрээнүүдийг хүчингүй болгох эрх нь зөвхөн УИХ-д бий” гэсэн юм.
Тэгвэл Ж.Батзандан гишүүн “Энэ асуудлыг бид дотооддоо ярилцаад шийдэх нь зөв. Худалдан авалт хулгайн шинжтэй байгаа нь ажлын хэсгийн шалгалтын дүнд ил тод болсон шүү дээ. Анх худалдан авсан цагаас нь хойш л Эрдэнэбилэг гэж хүний нэр дуулдаад байсан. Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкны хувьцаа эзэмшигч гэсэн. Энэ хүн Баргалжуутын төмрийн ордоос гадна стратегийн олон ордыг авлаа. Манай Засгийн газар мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж УИХ-аар оруулахгүйгээр хууль бус шийдвэр гаргасан. Монголын ард түмнээ боддог Засгийн газар байсан бол энэ олон стратегийн ордуудыг аваад ашиглах бүрэн боломжтой байсан. Бондын мөнгийг хулгайн бүлэглэлийн төлөө зарцуул гэсэн хууль хаана ч байхгүй. Тиймээс энэ бүхнийг цэцлэх ёстой. Монголын төрийг хувьчилж авсан хулгайн бүлэглэл улсын хөрөнгөөр тоглоод дууслаа.
Ямар ч асуудлуудыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тиймээс УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж хулгай луйварыг таслан зогсоох ёстой. Монголын төр сахал Эрдэнэбилэг гэдэг ганцхан хүний тоглоом болж байна. 65 суудалтай МАН үүнийг зогсоохгүй юм уу. Бүх гишүүдийг лоббидоод явж байгааг би мэдэж байгаа. Манай бүлэг дотор ч эсрэг, тэсрэг байр суурьтай гишүүд бий. АН-ын бүлгийн цөөнгүй гишүүд нь Худалдаа хөгжлийн банктай холбоотой. Эрдэнэт, Цагаансуварга, Асгатын мөнгөний ордтой холбоотой луйврыг зогсоож ард иргэдийнхээ талд шийдвэр гаргая гэсэн бодолтой гишүүд цөөхөн байна. МАН-ын гишүүд битгий худалдагдаасай. УИХ эрүүл шийдвэр гаргаж, хулгайд алдагдсан эд хөрөнгөө буцааж авах ёстой. МАН-ынхныг эх оронч, шударга байгаасай гэж хүсч байна” гэх байр суурийг илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж болон Ж.Батзандан гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан мөнгөтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн юм. Үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Д.Эрдэнэбилэг гэгч хүний нэр дуулдаж байгааг олон нийт мэднэ. Түүний хувьд Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкинд хувьцаа эзэмшдэг.
Тэгвэл ажлын хэсгийн шалгалтаар Д.Эрдэнэбилэг хариуцлага хүлээх хэмжээнээс хэтэрсэн зээл олгосон нь тогтоогдсон байдаг. Тодруулбал, ажлын хэсгийн дүгнэлтэд “Банкны тухай хуулийн гуравдугаар зүйлд “банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээж” байхаар заасан. Худалдаа хөгжлийн банк нь 745.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. 50.0 тэрбум төгрөгийн дүрмийн сантай‚ хувьцааных нь 93.1 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Гэтэл энэ банк зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийн төлбөрт тухайн үеийн ханшаар 400.27 сая доллар буюу 900.2 тэрбум төгрөгийн зээл буюу гол хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх хэмжээнээс давсан зээл олгосон байна” хэмээн дурдсан.
Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь эрсдэлд ороод байгаа учраас төр авах ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс энэ асуудлыг улс төржүүлж, төр хувийн хэвшлийг булаасан мэтээр тайлбарлаж болмооргүй гэдгийг ч ажиглагчид хэлж байгаа юм. Тэгвэл хэвлэлд нэр нь бичигдээд байгаа Д.Эрдэнэбилэг эрхэм энэ асуудалд тайлбараа өгөх цаг нь болсон баймаар.
Үндсэндээ Ж.Батзандан гишүүний хэлсэнчлэн Монголын төр “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг ганцхан хүний тоглоом болоод байгаа юм биш үү. Хэрэв үгүй бол энэ хүнийг хуралдаа дуудаад асууж тодруулж яагаад болохгүй гэж, эрх баригчид аа?
Эх сурвалж http://www.info.mn