Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээр товлосон билээ.
Үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Их хурлын дарга М.Энхболд “Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан талынхнаас албан бичиг ирсэн. Энэ албан бичигт 49%-ийг эзэмшигчдээс асууж лавлахгүй, Байнгын хорооны хуралд оролцуулахгүй байна. Талуудын оролцоог хангаж өгнө үү гэж хүссэн байсан.
Тиймээс Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэх бол талуудыг нь бүгдийг нь байлцуулах нь зүйтэй гэж бодож байна” гэсэн юм.
Гэсэн ч тус Байнгын хороонд “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигчдээс хуралдааныг нэг хоногоор хойшлуулах хүсэлт ирүүлжээ.
Энэ талаар Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Эрдэнэтийн 49 хувийн эзэмшигчид Байнгын хорооны хуралд оролцох хүсэлтэй байгаа боловч зарим нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул нэг хоногоор хойшлуулах хүсэлт ирүүлсэн” гэлээ.
Ингээд “Эрдэнэт”-ийн асуудлыг маргааш буюу хоёрдугаар сарын 10-ний 09:00 цаг хүртэл хойшлуулах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив.
Ийнхүү “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг маргааш өглөө хоёр талыг байлцуулан хэлэлцэхээр боллоо.