ЛОНДОН./BBC/.Түүхэнд анх удаа устөрөгчийг металл хэлбэрт оруулж чадсан гэдгээ Харвардын их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ.
Хэрвээ энэ нь үнэн бол сүүлийн 80 жилийн турш явуулж буй судалгаа шинжилгээний ажил асар том амжилтад хүрчээ гэж ойлгож болно. Онолоор бол, металл устөрөгчийг тэг эсэргүүцэл бүхий цахилгаан дамжуулах утас гарган авах, пуужингийн шинэ төрлийн түлш гарган авахад ашиглах боломжтой.
Харвардын их сургуулийн судлаачид болох Ранга Диас, Айзек Силвера нар өөрсдийн хийсэн туршилтын дүнг “Science” сэтгүүлд нийтэлжээ.
Туршилтын явцад, бага хэмжээний устөрөгчийг асар өндөр даралт болон хэт нам температурт хиймэл алмаазан шахагч ашиглан шахсан байна. Энэ үед даралт 495 гигапаскальд /5 сая атмосфер/ хүрч, шахагчууд цельсийн -270 хэм хүртэл хөрчээ.
Туршилтын зорилго нь, устөрөгчийн атомуудыг хэт нягтруулан ойртуулснаар кристалл тор үүсгэж, атомууд хоорондоо электронуудаа солилцоход хүргэх явдал байлаа. Тэд маш бага хэмжээний металл устөрөгч гарган авсан бөгөөд цаашдаа хэмжээг нэмэгдүүлэх арга олдоно гэдэгт найдаж байна.
“Даралт ихсэх тусам туршилтын материал хар өнгөтэй болсон нь уг материал гэрлийг шингээж чадах хагас дамжуулагч болж хувирсантай холбоотой гэж бид үзэж байна” гэж профессор Силвера ярилаа. “Даралтыг улам ихэсгэхэд туршилтын материал маань гялалзсан өнгөтэй болсон. Уг материалын гэрэл ойлгох чадвар маш өндөр болж, бараг 90 хувьд хүрсэн. Энэ нь өнгөлсөн хөнгөн цагаантай адил гэсэн үг” гэж тэрбээр тайлбарлалаа. Шинээр гарган авсан материал нь тасалгааны хэмд ч гэсэн хэт дамжуулагч болж чадах бөгөөд ингэснээр цахилгаан эрчим хүчийг хадгалах болон дамжуулах салбарт жинхэнэ ёсоор “хувьсгал” гарах юм.
Үүний сацуу Харвардынхны нээлтэд эргэлзэж буй эрдэмтэд цөөнгүй байна. Дээрх сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд тодорхой өгөгдлүүд дэндүү цөөн удаа дурдагдсан гэж тэд шүүмжилжээ.
Харин Америкийн сансрын судалгааны НАСА агентлаг шинээр гарган авсан материалыг ихэд сонирхож байна. Одоогийн байдлаар, шинэ устөрөгчийг пуужингийн түлш болгон ашиглаж байгаа нь дэндүү их овор хэмжээтэй байгаа юм.
Эцэст нь хэлэхэд, хэрвээ Харвардын эрдэмтдийн ярьж байгаа нь үнэн бол тэд хавсарга физикийн шинжлэх ухаанд гайхамшигтай нээлт хийжээ.
Г.Доржханд