Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Open door ” сонинд өгсөн ярилцлагадаа, “Монголын улстөрчдөөс надад мөнгө амлах сачийтай аавын хүү байхгүй” хэмээн ярьжээ.
Тодруулбал, түүнээс “Цензургүй яриа нэвтрүүлгээ хийхдээ, улстөрчдөөс маш их мөнгө авдаг гэлцэх юм” хэмээсэн сэтгүүлчийн асуултад, “Цензургүй яриа” нэг хийхэд л бараг 10-20 сая төгрөг авдаг юм шиг боддог хүмүүс бий. Тэд бол улстөр дотроо нялхасууд юм. Өөрсдөө энэ нэвтрүүлэгт орчих санаатай, гэхдээ шалгуурыг нь давахгүй, босгонд нь бүдэрдэг болохоороо иймэрхүү яриа гаргаад араас сайн сэвээд өгдөг биз. Тантай ч бас тэд таардаг байх. Монголын улстөрчдөөс надад мөнгө амлах сачийтай аавын хүү байхгүй дээ. Ёстой нэг бардам хэлчихье. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ямар шалгуураар ордог юм бэ гэж хүмүүс асуудаг. Хариулья. Хоёрхон шалгууртай. Нэгдүгээрт, Та Монгол Улсад ямар гавьяа байгуулсан бэ. Хоёрдугаарт, та Монгол Улсад ямар гай тарьсан бэ. Энэ хоёр шалгуураар өөрийгөө нэг шүүчихээд манай нэвтрүүлэгт орох хүсэлтээ тавьж болно шүү. Хүмүүс мэдсээр байж илт худал гүтгэлэг тараагаад байхаар өмнөөс нь адарч байсан нь дээр. Тэгээд энэ хорвоо өөрөө маш адармаатай шүү дээ” хэмээн хариулжээ.
Мөн “Улс төр рүү ороход сэтгүүл зүй бол маш дөт зам. Магадгүй Л.Мөнхбаясгалан улс төр рүү орохыг үгүйсгэх аргагүй ч юм шиг?” гэх асуултад , “Сүүлийн үед хүмүүс надаас ингэж асуудаг болсон. Миний мөрөөдөл бол сэтгүүлч болох л байсан. Би ерөөсөө сэтгүүлч болох л гэж төрсөн. Над шиг хурц, түрэмгий зантай хүн улс төрд ороод амжилт олохгүй. Намын эрх ашиг, фракцийн эрх ашгийн өмнөөс худлаа ярьж чадахгүй. Харин над шиг хүн сэтгүүл зүйдээ байгаад энэ хэвээрээ ажиллаж байвал нийгэмд илүү тус хүргэнэ гэж боддог. Өдий хүртэл явсан энэ карьераа улстөрч болгож тээр доош нь унагах хэрэггүй. Харанхуй засагт бурангуй түшмэл таяг болсон энэ үед төрөөс хол явсан нь дээр. Төрийн саалийн үнээг нэг хөхөж үзсэн хүн тэр үнээнийхээ махыг нь идэж үзэх юмсан гэж боддог юм гэнэ билээ. Шуналаа тэвчиж сурсан хүнд шунал нь хязгааргүй болсон тэр орон зайд үсэрч ороод олны хөлд үйрч үхсэнээс энэ муу үзгээ бариад бороохойдуулах үед нь бороохойдуулаад, гүтгүүлээд доромжлуулаад унаж босч явсан нь дээр юм… Олон үйл явдлыг харлаа. 20 жил ажиллалаа. Сэтгүүл зүйн салбартаа унаж босч явлаа. Улс төр гээчтэй тун ойрхон ажиллалаа. Одоо нэг дүгнэлтэд хүрч байна. “Сэтгүүлч хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж үр хойчдоо захимаар санагдах боллоо. Одоо та надаас юу ч битгий асуугаарай. Ярилцлагаа ингээд дуусгая” хэмээн хариулсан байна.