Бидний эхэнд дурдах хүн бол Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал. 2012 оны есдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Л.Пүрэвдоржийн оронд Монголбанкны шинэ ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилсон байдаг. Тухайн үед Н.Золжаргал “Валютын зохицуулалтын тухай хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Ойрын хугацаанд өргөн барихаар төлөвлөж байна. Валюттай холбоотой үйл ажиллагаа, ханш хуульчлагдсан байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Алтны хувьд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тогтоохоос өмнө Монголбанкинд тушаах хэмжээ их байсан. Хууль хэрэгжих явцад алт тушаах нь огцом буурсан. Харин татварыг болиулснаас хойш нэмэгдээд байгаа.
Цаашдаа алтны олборлолтыг алт худалдан авах үйл ажиллагаагаар дэмжиж, гааль, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллах болно. Төвбанкны хуульд хэдэн удаа өөрчлөлт хийсэн. Өөрчлөх шаардлага яваандаа гарахыг үгүйсгэхгүй. Инфляцийг бууруулах ёстой. Инфляци бага, дунд орлоготой иргэдэд хүндээр тусч байсан. Засгийн газрын зорилтууд хэрэгжин, инфляцид нөлөөлж байгаа бүх арга хэмжээг авч чадвал инфляци буурна, зээлийн хүү ч буурна. Энэ үр дүн ойрын хоёр жилд харагдана гэж тооцож байгаа. Энэ бол зорилт гэхээсээ илүү шаардлага болоод байна” хэмээж байлаа.
Гэсэн ч түүний ам, ажил хэрэг алд дэлэм зөрснийг дурдах нь зүйтэй биз ээ. Н.Золжаргалыг ажлаа авснаас хойш долларын ханш, инфляцийн түвшин зэрэгт хэр өөрчлөлт гарсныг эргэн сануулъя. 2012 оны есдүгээр сарын байдлаар АНУ-ын доллар 1,395.24 төгрөгийн ханштай байлаа. Энэ нь өмнөх сар болон жилтэй харьцуулбал хурдацтай өссөн үзүүлэлт гэгдэж байв. Учир нь 2010 оны есдүгээр р сард ам.доллар 1330, 2011 оны есдүгээр сард 1260 орчим төгрөг байсан юм. Тэгвэл 2016 оны зургаадугаар сарын 19-ний байдлаар ам.долларын ханш Монголбанкнаас зарласнаар 1952.72 төгрөг байв. Харин өдгөө доллар хэдийнэ 2000 гараад явсныг уншигчид санаж буй биз ээ.
Үндсэндээ Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилд долларын ханш /өчигдрийн ханшаар бодоход/ 557.48 төгрөгөөр нэмэгдээд байна. Тэгвэл инфляци хэрхэн өөрчлөгдсөнийг харъя. УИХ-ын чуулганы 2013.01.18-ны хуралдаанд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх Ерөнхий сайдын мэдээллээс харахад, 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын хувьд инфляци 14 хувьтай гарсан байна. Улмаар 2012 оны эхээр инфляцийн түвшин хурдацтай өсч дөрөвдүгээр сар гэхэд Монгол Улсын инфляцийн түвшин 16 хувьд хүрсэн байсан.
Түүнчлэн мань эр өнгөрсөн дөрвөн жил мөнгө хэвлэхийг ч үзүүлж өгсөн дөө. Мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргах эрхтэй цорын ганц байгууллага бол Монголбанк. Тэгтэл Н.Золжаргал хэн хүссэнд нь мөнгө хэвлэж өгсөөр байгаад монгол төгрөгийн ханш суларсан гэж хэлж болно. Үүний нэг жишээ Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах зорилгоор Төв банкнаас 500 тэрбум төгрөг бэлнээр хэвлүүлж авчээ. Манай зах зээл дээр эргэлдэж байгаа төгрөгнөөс тусдаа энэ мөнгө хэвлэгдэж, ОХУ-д шилжсэн гэж ойлгож болно. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан ажлын хэсгийн дүгнэлтээр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа халхавчны гэрээ хэлцэл байгуулсан Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлагад ажилладаг цөөн хүний нэр дээр зохиомлоор байгуулсан компаниудаар дамжуулж, Монголбанкнаас хууль бусаар олгосон зээл, Хөгжлийн банкнаас тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, зарим аж ахуйн нэгжтэй байгуулсан концессийн гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулсан, улсын төсвөөс гаргуулсан их хэмжээний мөнгөн хөрөнгө, түүнчлэн хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгө зэрэг эх үүсвэрүүд ашиглагдсан зээлийн гэрээ гэгчийг байгуулахдаа ирээдүйд бий болох орлого, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан зэс худалдан авах гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц зэрэг хууль бус халхавчны эсвэл огт байхгүй зүйлийг барьцаалсан зэргээс үзэхэд дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэр нь хууль бус, эргэн төлөгдөх баталгаагүй, эцсийн эрсдлийг төр хариуцахаар байгааг санал, дүгнэлтэд тусгасан” байна.
Мөн энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монголбанк буруу үйл ажиллагаа явуулсанаас үүдэж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Худалдаа хөгжлийн банканд л гэхэд 500 тэрбум төгрөг бэлнээр хэвлээд өгчихсөн байх жишээтэй. Энэ мөнгө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад нөлөөлсөн байх” хэмээсэн байдаг.
Гэтэл мөнгө хэвлэж тараасан Н.Золжаргалаас ямар ч тайлбар авсангүй. Албан тушаалаа хүлээлгэж өгөөд л усанд хаясан чулуу шиг алга болчихлоо. Харин түүний бий болгосон балгийг арилгах гэж улсаараа мөлхөх нь холгүй байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Тиймээс бид Хариуцлага нэхье” цувралдаа энэ талаар онцолж байгаа юм. Дараагийн удаа бид Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хэрхэн тансаглаж байсныг хүргэх болно.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж http://www.info.mn