Улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа, 8.5 мянган га-д хүнсний ногоо тарьж байна

640

Энэ онд улсын хэмжээгээр 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай,  15.1 мянган га-д төмс,  8.5 мянган га-д хүнсний ногоо,  23.2  мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган  га-д тариалалт хийж байна.

Үүнээс 477.6 мянган тонн улаанбуудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ.  Зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа аж.

Хаврын тариалалтын бэлтгэл ажилд 54.3 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд  2016 оны ургацаас  39.8  мянган тонныг нөөцлөж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн,  ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн  нөөц бүрдээд байна. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахун нэгжид 820 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгожээ.

Мөн яамны зүгээс тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан стандартад тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил хийгдэж байгаа бол 7.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гаргаж, тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулах бэлтгэлийг хангаж байна.

Түүнчлэн “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл ба маркетинг” төслийн хүрээнд 75 тн төл сонгины үрийг Голланд улсаас импортлохоор бэлтгэл ажил хийгдэж, хүнсний ногооны нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, техник  тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, голлох нэрийн хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний ногоо” хөтөлбөрийн төсөл боловсруулж бэлтгэжээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 125 морины хүчтэй трактор, намираа услалтын систем, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, хөрс боловсруулах техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зориулалттай 197.5 мянган тоннын багтаамжтай 9700 гаруй зоорь ашиглагдаж байгаа нь хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтот ургацын 56 хувийг хадгалах боломжтой байгаа. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нийслэлийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод 10.0 мянган тоннын багтаамжтай агуулах бүхий хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах,  томоохон аймгийн  төвүүд болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн голлох сумдад тус бүр нь 1000 тоннын багтаамжтай 12 ногооны зоорь барих төслийн тооцоог боловсруулсан байна.

Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 10 тонн үр ариутгалын бодис, 11.5 тн тарилтын үеийн хог ургамал устгах ургамал хамгааллын бодис, 130.0 мянган га талбайд химийн уринш боловсруулахад шаардагдах 500 тн гербицид, 5000 тн нийлмэл бордоог нийлүүлж тариаланчдад хөнгөлөлттэй нөхцлөөр  олгох ажлыг зохион байгуулж байгаа аж.

Эх сурвалж: www.info.mn