Төрийн өндөр албан тушаалтан оффшор данс нээлгэхийг хориглов

758

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өндөр дээд албан тушаал гүйцэтгэх хугацаандаа оффшорт данс нээлгэх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглохыг дэмжив.

Тодруулбал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт манай улсад оффшорын асуудлыг зохицуулсан хууль тогтоомж байхгүй. Өнөөгийн хэлэлцэж буй хуулиар төрийн албан тушаалтнууд оффшорт мөнгө байршуулдаггүй байх, хэрэв оффшор бүсэд мөнгөтэй нь илэрвэл хариуцлага тооцдог байх тухай асуудлыг хуульчилсан гэдгийг онцоллоо.

Тус хуульд төрийн өндөр дээд албан тушаал гүйцэтгэх хугацаанд гадаад улсын банкинд нээсэн дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, өмчийн байдалд өөрчлөлт орсон орлогын талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх зэргийг тусгажээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Монгол Улс цаашид оффшор данстай холбоотой эрх зүйн орчныг сайжруулж, бусад улс орны жишгийн дагуу татварын системтэй уялдуулан зохицуулах нь оновчтой. Мөн “гадаад улс орон” хэмээн хавтгайруулахгүйгээр Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкнаас гаргасан жагсаалтад тулгуурлаад ч юм уу оффшор бүсийг тодорхойлох арга хэмжээ авах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Одоогийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлогыг мэдүүлдэг. Харин тусдаа гарсан хүүхдүүдийг хөрөнгийг мэдүүлдэггүй. Тусдаа гарсан хүүхдийнхээ нэр дээр данс байдаг үгүйг олон нийтэд зарлахад юунд нь цааргалдаг юм. Хэзээ байхдаа өөрийнхөө нэр данс нээлгээд явж байх юм. Тусдаа гарсан хүүхдийг оруул. Харин яаж оруулах томьёоллоо л тодорхой болгочих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ХОМ-ийн маягтын загварыг УИХ баталдаг болох хэрэгтэй. Шинэ маягт дээр насанд хүрч тусдаа гарсан хүүхдүүд хөрөнгөө мэдүүлдэг байхаар тусгах боломжтой гэв.