Өмнөд Солонгосын Соёлын сайд Чо Юүн-суныг өнөөдөр өглөө /2017.01.21/ баривчлан саатуулжээ. Түүнийг засгийн газрыг шүүмжилсэн соёл, урлагийн салбарын нэр бүхий хүмүүсийг хар жагсаалтад оруулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд нь халдсан гэж буруутгаж байгаа юм.
Сөүл хотын дүүргийн шүүхээс Соёлын сайдыг албан тушаалаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр саатуулан шалгах шийдвэр гаргажээ. Чо овогтоос гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ким Ки-чүнийг мөн энэ хэрэгт холбогдуулан баривчлан саатуулахаар болсон байна.
Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний дотны найз гэгдэх Чой Сун-шил нарын хэргийг шалгаж буй тусгай мөрдөн шалгах хэсгээс Чо болон Ким овогтыг баривчлан саатуулах хүсэлтээ лхагва гаригт /2017.01.18/ шүүхэд хүргүүлээд байсан юм. Үүний өмнөх өдөр буюу мягмар гаригт тэднээс тус тусад нь байцаалт авчээ.
Тэд ерөнхийлөгч Пак Гы Хэтэй ойр дотно харилцаатай байсан гэдэг. Чой Юүн-сун 2014-2015 онд ерөнхийлөгчийн улс төрийн хэрэг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил Соёлын сайдаар томилогдсон аж. Харин Ким 2013-2015 онд ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алба хашиж байжээ.
Чо Юүн-сун, Ким Ки-чүн нарын удирдлагаар гаргасан гэх хар жагсаалтад 10 мянга гаруй хүний нэр багтсан байна. Тэдний дунд олон улсын шагналт, зохиолч Хан Кан, Канны кино наадмаас шагнал хүртэж байсан найруулагч Пак Чан-вук тэргүүтнүүд багтжээ. Энэ хориг жагсаалтыг гаргахад ерөнхийлөгч Пак оролцсон эсэхийг мөрдөн байцаагчид шалгаж эхэлсэн байна.
С.ЦЭЛМЭГ