Швейцарын Давос хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалт болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүнүүд, 300 гаруй сайдууд, 1000 гаруй гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, 1000 гаруй нийгмийн зүтгэлтнүүд, энтрепренерүүд гээд нийт 99 орны 3000 хүн оролцож буй.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг юм. 2017 оны чуулга уулзалтаар “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” хэмээх ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 200 гаруй салбар хуралдаан зохион байгуулна.
ДАВОСЫН ОНЦЛОХ ТАВ
Их гүрний удирдагчид Давосыг “бойкотлов”. Энэ оны чуулга уулзалтын сэдэв нь хариуцлагатай манлайлал. Гэхдээ энэ жилийн Давост Владимир Путин, Доналд Трамп, Ангела Меркель нар оролцохгүй. Түүнчлэн Франц, Итали, Испани зэрэг улсыг мөн адил Сангийн сайд нар нь төлөөлж оролцож байна.
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслол энэ сарын 20-нд болох тул Давосын чуулга уулзалтад ирээгүй аж. Харин Германы Канцлер Ангела Меркель, Францын төрийн тэргүүн Франсуа Олланд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар цагийн хуваарь нь таараагүй учир оролцоогүй хэмээн ВВС агентлаг мэдээллээ.
Дэлхийн их гүрний удирдагчидгүйгээр эргэх холбоотой, хариуцлагатай манлайллыг хэлэлцэнэ нь хэмээн барууны хэвлэлүүд онцолж байна.
Давосын од Си Зиньпин. Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хамгийн их анхаарал татсан хүн бол маргаангүй БНХАУ-ын дарга Си Зиньпин. Хятадын удирдагчдаас анх удаа Швейцарын Давост хөл тавьж буй Си Зиньпин дэлхий нийтэд хандсан ямар мэдэгдэл хийх вэ, ямар мессеж өгөх вэ гэдэг нь анхаарал татаж буй юм. Түүнчлэн Хятадын тэргүүн тэрбумтнуудаа дагуулсаар Швейцарын Давост ирсэн тухай барууны хэвлэлүүд бичиж байна. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Алибабагийн Жек Ма, “Хуавей Технологи”-ийн захирал Сун Яфан зэрэг тэрбумтнууд багтжээ.
Баялгийн тэгш бус хуваарилалт. Дэлхийн ядуу буурай хүн амын тэн хагаст нийт баялгийн 10 хүрэхгүй хувь ногдож буйг Oxfam олон улсын байгууллагаас явуулсан судалгаа харуулжээ. Баялгийн тэгш бус хуваарилалт олон улсын өмнө гарцаагүй тулгараад буй ноцтой асуудал бөгөөд Давосын чуулга уулзалтаар хэлэлцэх гол асуудлын жагсаалтад бичигджээ.
Зөвхөн ёс суртахууны шалтгаанаар ч биш, баялгийг тэгш бус хуваарилсан нийгэм хол явсан түүх үгүй. Давосын эдийн засгийн чуулга уулзалтад зориулан явуулсан судалгаанаас харахад энэ онд баялгийн тэгш бус хуваарилалт болох бүс нутаг нь Ази, Номхон далайн бүс гэнэ.
Трампын бодлого дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг улс төрд шилжилт хөдөлгөөн авчрахуйц олон үйл явдал болсон нь энэ оны дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар улс орны тэргүүнүүд энэ удаагийн чуулганаар ярилцах байх гэдэг хүлээлт байна.
Тэр дундаа Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампын хэрэгжүүлэх бодлого эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг нь тэдний анхаарлыг хамгийн их татаж байна. Иймд Трампын засаг захиргааны ахлах зөвлөхүүд Давосын чуулганд оролцож, байр сууриа илэрхийлнэ. Тус чуулганаар мөн ЕХ-ны гол гишүүн Их Британи тус холбооноос гарахтай холбоотой илтгэлийг тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй тавих юм байна.
ЕХ бол дэлхийн эдийн засагт чухал нөлөөтэй, тэр дундаа Их Британи Европын холбооны эдийн засгийн гол зүтгүүр хүчнүүдийн нэг. Гэтэл Их Британи энэ холбооноос гарснаар Европын холбоо төдийгүй дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь энэ удаагийн чуулганы хэлэлцэх сэдвүүдийн нэг байх юм.
Үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгал. Давосын чуулганыг санаачлагч, профессор К.Шваб-ын үзэж байгаагаар бол “Үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалын үр шимийг хүртэх, алдаанаас зайлсхийхийн тулд хүмүүс бид бүхэн нийгэм-эдийн засгийн хөгжил, үнэт зүйлс, хувь хүний халдашгүй дархан байдлын талаарх төсөөллөө өөрчлөхөөс аргагүйд хүрнэ”.
Аж үйлдвэрийн анхдагч хувьсгалын /1784 он/ явцад уурын хүчийг ашиглан үйлдвэрлэлийг механикжуулж чадсан бол Хоёрдагч хувьсгалын үед /1870 он/ цахилгаан эрчим хүч гарган авснаар бүтээгдэхүүнийг бөөнөөр нь үйлдвэрлэдэг болжээ. Гуравдугаар хувьсгалын үе шатанд /1969 он/ цахим мэдээллийн технологи гарч ирснээр үйлдвэрлэлийг автоматжуулав. Тэгвэл үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь юу байх талаар энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ.
ДАВОС дахь МОНГОЛЫН оролцоо
Энэ жилийн уулзалтад Монгол Улсаа төлөөлөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Unread Media-г үүсгэн байгуулагчийн нэг А.Ундрал нар оролцохоор уригдсан.
А.Ундралын хувьд тус чуулганд оролцож буй хамгийн залуу таван оролцогчийн нэг болжээ. Тэрбээр энэ жил 25 настай. Тэрбээр үйл хэрэг, нөлөөллөөрөө үе тэнгийнхнээ манлайлж, салбартаа тэргүүлж байгаа дэлхийн 6000 гаруй залууг эгнээндээ нэгтгэсэн Global Shapers нийгэмлэг бол Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дэргэдэх залуусын байгууллагын шалгуурыг давж, энэ жилийн форумд оролцох эрхээ авсан байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулга уулзалтын хүрээнд “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”, “Бүс нутгийн эрчим хүчний тэргүүлэх чиглэлүүд”, “Tоргоны зам”, “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал”, “Эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлого” зэрэг асуудлыг хөндөж ярилцах хэлэлцүүлэг, хуралдаан, арга хэмжээнд оролцож, манай улсын байр суурийг илэрхийлж, санал солилцоно.
Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад манай улс дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой.