СУДАЛГАА: Агаар цэвэршүүлэгч дотоод орчны тоосны бохирдлыг 3.2 дахин бууруулжээ

1699

АШУҮИС-ийн НЭМС-ийн эрдэмтэн О.Чимэдсүрэн, Д.Нарансүх, Э.Ундармаа, Б.Буянтүшиг нараас бүрдсэн баг “ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ИНТЕРВЕНЦ СУДАЛГАА” хийжээ.

Гэр хороололд байрлалтай цэцэрлэгүүдийн дотоод орчны агаарын чанарыг HEPA шүүлтүүрээр сайжруулж, түүний үр ашгийг үнэлэх зорилготой уг судалгааг 2016 оны 2-5 дугаар сард хийсэн байна.

HEPA /High-efficiency particulate air/ нь агаарын шүүлтүүрийн товчилсон нэр стандарт юм. HEPA нь маш олон төрлийн үйлдвэрлэлийн агаарын цэвэршүүлэлтийн стандарт болон хэрэглэгддэг үүнд эмнэлгийн тоног төхөөрөмж, машин, онгоц болон гэр ахуйн төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг. Байр орон сууцны агаарыг цэвэршүүлэх шинэ агаараар сэлбэхэд энэ шүүлтүүртэй агааржуулагчыг ашигладаг.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН:

НЕРА ШҮҮЛТҮҮРТЭЙ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ДОТООД ОРЧНЫ АГААР ДАХЬ РМ2.5 ТООСНЫ БОХИРДЛЫГ 3.2 ДАХИН БУУРУУЛЖЭЭ

Судалгаанд Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсэд байрлах дөрвөн цэцэрлэгийг хамруулж, хоёр цэцэрлэгт дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосны бохирдлыг НЕРА шүүлтүүрээр цэвэршүүлэх интервенцийг хэрэгжүүлжээ.

Цэцэрлэгүүдийн дотоод орчны РМ2.5-ийн бохирдлыг 14 хоногийн турш хэмжсэн бөгөөд агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн болон хэрэглээгүй цэцэрлэгийн анги танхимыг харьцуулан үнэлсэн байна.

Судалгааны үр дүнд НЕРА цэвэршүүлэгч хэрэглээгүй цэцэрлэгийн дотоод орчинд РМ2.5 тоосны бохирдол 93.7 мкг/м3 байсан нь агаарын чанарын MNS4585:2016 стандартын хүлцэх хэмжээнээс хоёр дахин өндөр хэмжээ юм. НЕРА цэвэршүүлэгч суурилуулсан цэцэрлэгүүдийн дотоод орчинд РМ2.5 тоосны бохирдол дунджаар 29 мкг/м3 хэмжигдсэн нь цэвэршүүлэгч хэрэглээгүй ангиас 3.2 дахин, агаарын чанарын стандартын хүлцэх хэмжээнээс 21 мкг/м3-аар бага үзүүлэлт.

Өөрөөр хэлбэл НЕРА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосны бохирдлыг 3.2 дахин бууруулжээ.

ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ДОТООД ОРЧНЫ БОХИРДОЛ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ ТҮВШИНД ХҮРСЭН

Судалгаанд хамрагдсан гэр хороололд байршилтай цэцэрлэгүүдийн дотоод орчны агаарт РМ2.5 тоосны бохирдлын дундаж түвшин хоногийн хүлцэх хэмжээнээс 1.9 дахин хэтэрсэн байгаа нь тогтоогджээ. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрсэн үзүүлэлт гэдгийг эрдэмтэд тайландаа дурдсан байна.

Цэцэрлэгийн дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосны бохирдол Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдлоос шууд хамааралтайбөгөөд гадаад орчны агаар бохирдол ихтэй өдрүүдэд цэцэрлэгүүдийн дотоод орчны агаарын бохирдол нэмэгдэж байжээ.

Судалгааны хугацаанд агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй цэцэрлэгүүдэд РМ2.5 тоосны бохирдол дундажаар 93.9 мкг/м3 хэмжигдсэн нь СБД-ийн гадаад орчны РМ2.5-ийн бохирдол(106.3 мкг/м3)-той ойролцоо үзүүлэлт аж.

ЗӨВЛӨМЖ

Судалгааны үр дүнд үндэслэн гэр, орон сууц, цэцэрлэг, сургуулиуд, албан тасалгаанд дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр дараах зөвлөжийг өгч байна.

  • Агаар цэвэршүүлэгч НЕРА шүүлтүүр хэрэглэснээр хүүхдүүдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулдгыг судалж, үр дүнг нь шийдвэр гаргагч нарт хүргүүлэх
  • Дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлд зарцуулах зардал, агаар цэвэршүүлэх НЕРА шүүлтүүрийг хэрэглэхэд гарах зардал, үр ашгийн тооцоог нарийвчлан хийх
  • Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөлд өртөмхий, эмзэг бүлэг болох бага насны хүүхэд олноор цугладаг хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг /уушги, зүрх судас, эрчимт эмчилгээний тасагт/ дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах НЕРА шүүлтүүр хэрэглэх

Агаарын бохирдлыг бууруулахад орон сууцжуулалт, нүүрсний хэрэглээг зогсоох, хийн түлш хэрэглэх, хот төлөвлөлт, төвлөрлийг бууруулах зэрэг зардал өндөртэй, урт хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд шаардлагатай. Энэ үед урт хугацааны үйл ажиллагааны үр дүнг хүлээхгүйгээр гэр сууц, албан тасалгаа, цэцэрлэг, эмнэлэг зэргийн дотоод орчны агаарын чанарыг агаар цэвэршүүлэгч ашиглан өртөг багатайгаар сайжруулах боломжтойг эрдэмтэд хэлж байгаа юм.