Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2016.12.27/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/, Стандартчилал, хэмжилзүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Замын-Үүд, Цагааннуур, Алтанбулаг чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзаж энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, ирэх оны ажлын төлөвлөгөөтэй нь танилцлаа.
Онцгой байдлын алба 2016 онд 1315 хүний амь насыг аварч, 23.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. ШӨХТГ нь хэрэглэгчдийн гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор 1284 дугаарын утас, мэдээллийн төвийг албан ёсоор нээсэн. МХЕГ аж ахуйн нэгжүүдийг торгох, шийтгэх гэхээс илүүтэй зөвлөн туслагч нь байсан, Стандартчлал хэмжил зүйн газар үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн зэрэг олон амжилтаар шинэ оноо угтаж байна гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Ирэх оноос чөлөөт бүсүүдэд анхаарал хандуулж, ажлаа идэвхжүүлэх аж.
Тэрбээр харьяа агентлагийн дарга нарын энэ оны ажлыг “Сайн” хэмээн дүгнэж, 2017 онд ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан, улс эх орныхоо эрх ашигт нийцэж, хуулиа дээдэлж үйл ажиллагаа явуулахыг сануулж тус бүрт нь үүрэг чиглэл өглөө.