Сонгинохайрхан дүүргийн тэргүүний 65-р сургууль өнөөдөр 2016 оны шилдэг сурагчдаа шалгарууллаа. Урлаг, спорт, сурлагаараа тэргүүлсэн ахлах ангийн болон бага ангийн тус бүр 10 сурагчийг шилдгээр шалгаруулсан байна. Шилдгүүдээ тодруулах тус сургуулийн баярын үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хүүхэд багачууд маань хуучин оныхоо амжилтыг дүгнэж, шинэ оныхоо ажлыг ярилцан төлөвлөдөг сайхан уламжлалтай билээ. Нийслэлийн 65-р сургууль өнөөдөр шилдгүүдээ тодруулж байна. Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27-р хорооны дунд ганцхан сургууль байдаг. Энэ тойргоос сонгогдсоны хувьд сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэж байгааг хоёр болгох гэх мэт олон ажил хийхээр төлөвлөөд байна. Мөн ирэх жил энэ хэсэгт 240 хүүхдийн цэцэрлэг барихаар нийслэлийн төсөвт суулгуулж өгсөн байгаа” хэмээн хэллээ.
Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн захирал Ч.Хишигмаа “2016 оны шилдэг сурагчдаа шалгаруулах ёслолын ажиллагаанд манай тойргоос сонгогдсон НИТХ-ын дарга Ц.Сандуй оролцож сурагч багачуудад маань баяр хүргэж, гарын бэлгээ гардуулсанд талархал илэрхийлье. Энэ жилийн амжилтаа ирэх жилд бид улам ахиулах болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.