Малийн ‘хүн аалз’ Францын баатар болов

868

Малигаас Франц улсад цагаачлан очсон нэгэн залуу орон сууцны дөрвөн давхрын тагтнаас дүүжлэгдсэн байсан бага насны хүүхдийг аварч, тус улсын баатар болсон талаар ВВС агентлаг мэдээлжээ. Түүний хүүхэд аварч буй бичлэг олон нийтийн сүлжээгээр олонтаа цацагдсан байна. Мамуда Гассама хормын дотор барилгын дөрвөн давхарт гарч, нэг тагтаас нөгөөд шилжин дөрвөн настай хүүг унахаас сэргийлж, улмаар аварч чаджээ.

Даваа гаригт Елисейн ордонд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эдүгээ 22 настай Гассамыг урьж, францчуудын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн бямба гаригт фэйсбүүкээр энэхүү гайхамшигт аврах ажиллагааны дүрс бичлэг цацагдаж, долоон сая хүн үзжээ.

Парис хотын захирагч Анн Идалго мөн ‘Малийн баатар’ эрээр бахархаж байгаагаа хэлээд, утсаар талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр Парисын засаг захиргааны дүүрэгт болж, аз жаргалтайгаар төгссөн жүжгийн баатар Гассамыг ’18 дугаар дүүргийн хүн аалз’ хэмээн нэрлэжээ.

Тэрээр твиттер хуудастаа ‘Хүүгийн амийг аварсан зоригт үйлсийн төлөө Браво Мамуда Гассама’ хэмээн жиргэсэн байна. Түүний хэлснээр, залуу эр хэдэн долоо хоногийн өмнө шинэ амьдралаа эхлүүлэхээр Малигаас Францад ирсэн тухайгаа түүнд ярьжээ. Хотын захирагч ‘Тэрбээр баатарлаг үйлсээрээ бүх иргэдэд үлгэр дууриал үзүүллээ. Мэдээжийн хэрэг, Францад суурьших түүний хүсэл эрмэлзлэлийг хүлээн зөвшөөрөх болно’ гэжээ.

Энэ явдал өнгөрсөн бямба гаригт Францын нийслэлийн зүүн хэсгийн нэгэн дүүрэгт болсон байна. Гассама сэтгүүлчдэд хэлэхдээ ‘Гудамжаар алхаж явтал нэгэн байшингийн дэргэд хүмүүс бөөгнөрөн, дээшээ харсан байхтай таарсан. Дээш хартал хүүхэд байсан. Бурханд талархаж байна. Би түүнийг аварч чадсан’ гэж хэлснийг ‘Le Parisien’ онцлон тэмдэглэсэн байна.