Японы урлаг спортын одод Токио 2020 наадмын бамбарыг буухиалахаас татгалзаж байна

374

Нэг жилээр хойшилсон Токио 2020 зуны олимпын наадмын бамбарыг Япон орон даяар буухиалан аялуулах ажиллагаа өнөөдөр тус улсын Фүкүшима мужаас эхэлжээ.

Сонирхолтой нь энэхүү нэр хүндтэй үйл ажиллагаанд Японы урлаг спортын олон алдартан оролцохоос татгалзсан байна.

Тэдний зарим нь завгүйгээ хэлээд соёлтойгоор нэрээ татсан бол зарим нь олон хүн цуглуулж, коронавирусийн халдвар авах болон тараахаас болгоомжилж байгаагаа илэрхийлсэн гэнэ. Үүний цаана бас Токио 2020 наадмыг тойрсон дуулиан, нэр хүндийг нь унагасан үйл явдлууд нөлөөлсөн байж болзошгүй юм.

Энэ долоо хоногоос эхлэн Токио хотод хоёр сар, хагас үргэлжилсэн хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг бууруулсан ч цар тахлын аюул арилаагүй байна.

Олимпын бамбар өнөөдрөөс эхлэн 121 хоногийн хугацаанд Японы бүх 47 мужаар аялах юм. Бамбарыг буухиалах үүргийг 10,000 орчим хүн гүйцэтгэх ба тэдний 600 орчим нь алдартнууд байх ажээ.

Риогийн олимпын наадмын жүдогийн аварга Харука Тачимото, шоги хөлөгт тоглоомын залуу од Сота Фүжии нар бамбар буухиалах үүргээсээ өнгөрсөн онд татгалзаж байв.

Рэгбигийн од Юү Тамура, Tokio рок хамтлагийнхан, энка дуучин Хироши Ицүки, жүжигчин Рёко Хиросүэ нар бүгд “өөр ажил давхацсан” шалтгаанаар татгалзжээ.

Уран гулгалтын тамирчин Шома Уно, цанын тамирчин Акито Ватанабэ нар цар тахлын хорио цээрийн дэглэмээс шалтгаалан оролцохгүйгээ мэдэгдсэн бол жүжигчин Хитоми Куроки олон хүн цуглуулж, халдвар тараахаас болгоомжилж буйгаа тайлбарлаад татгалзсан байна.

Паралимпын усан сэлэлтийн тамирчин Рина Акияма цар тахлын үед олимпын наадам зохион байгуулах нь зөв эсэхэд эргэлзэж байгаа учраас бамбарын буухианд оролцохгүйгээ энэ сарын эхээр мэдэгджээ.

Өнгөрсөн сард Японы хошин урлагийн жүжигчин Ацүши Тамура буухианд оролцохгүй болсноо зарлахдаа бусад алдартнуудыг бас вирусийн халдвар тараах эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцож, олон нийтэд эрсдэл учруулахаас татгалзахыг уриалсан байна.

Манга зураач, нийтлэлч эмэгтэй Намеко Шинсан “Олимпын наадам болох эсэх нь удаан хугацаанд эргэлзээтэй байснаас гадна зохион байгуулах хорооны дарга нь эмэгтэйчүүдийг доромжилсон үг хэлж байлаа. Тиймээс ийм нэр хүндгүй арга хэмжээнд оролцохын ач тус алга” гэж ярьжээ.