Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дэлхийн банкны нэмэлт санхүүжилтын бэлтгэл, хяналт үнэлгээний ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа.
Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Дэлхийн банкны Хяналт үнэлгээний багийн ахлагч, “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Юүнь Вү, Хяналт үнэлгээний багийн гишүүн, Байгал орчны мэргэжилтэн Ёнли Ван, Эрчим хүчний мэргэжилтэн Славяна Георгева нар байлцав.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд тухайлбал, 200 айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулсан ажлын үр дүн /түүхий нүүрсний хэрэглээ тухайн айлд 50 хувь хүртэлх хувиар буурч, өрхийн төсөвт хэмнэлт гарсан/ ахуйн хэрэглээний болон нам даралтын зуухны стандартыг боловсруулсны үр дүнд 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн бохирдуулагч ихтэй зуухыг үйлдвэрлэх, борлуулахыг хориглох эрх зүйн орчин бүрдсэн тухай зэргийг онцлон тэмдэглэсэн.
Тэрбээр “Хэдийгээр төслийн анхны зорилго өнөөдөр 95 хувиар биелээд байгаа ч нийслэлийн агаарын бохирдлын асуудал нэн тулгамдсан асуудал хэвээр байгаа тул төсөл хэрэгжүүлснээр гарсан үр дүнг бууруулахгүй хадгалах, цар хүрээг тэлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлхийн тулд төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авсанд баяртай байна. Түүнлэн одоо хэрэгжиж байгаа энэхүү төслийн үйл ажиллагаанаас хэмнэгдсэн хөрөнгийг хуваарилж, нэмэлт санхүүжилт олгохдоо нийслэлийн бодлоготой нягт уялдуулан гэр хорооллын сонгогдсон хэсэгт “Дэд бүтцийн төв”-үүдийг байгуулах үйл ажиллагаатай төслийн цар хүрээг холбох, агаарын бохирдлыг бууруулахад нэгдсэн цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэлээ.
НЗДТГ нь Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийг 2012 оноос хэрэгжүүлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.