Мягмар гарагт Колумбид осолдсон иргэний агаарын тээврийн онгоцны хар хайрцагны бичлэгийг нээсний дараа уг онгоц агаарт байхдаа шатахуунгүй болсон нь тогтоогджээ.
Бичлэгт онгоцны нисгэгч онгоцных нь шатахуун багасаж байгаа тул газардах зөвшөөрөл байн байн хүсч байгаа нь баримт болж үлдсэн байна. Нислэгийг удирдах төвөөс зааварчилгаа өгсөн боловч онгоц Меделлин хотын нисэх буудлаас 12 орчим километрын зайнд байхдаа хурд, өндрөө алдаж эхэлжээ.
Бичлэг тасалдахын өмнөхөн үлдсэн ярианд нисгэгч онгоцыг 2.7 километрын өндөрт байгааг хэлсэн байна.
Шатахуун дууссанаас онгоц осолдсон болохыг амьд үлдсэн нислэгийн багийн хоёр гишүүн баталжээ. Нислэгийн явцад шатахуун дуусах үзэгдэл маш ховор болохыг нислэгийн экспертүүд хэлж байна.
Онцгой үед онгоц хүрэх ёстой газраасаа өөр хотод буухад бэлэн байхын тулд нэмэлт 30-45 минутын нислэгт хүрэлцэх нөөц шатахуунтай байх ёстой гэнэ.
Шатахуунгүй болсныг батлах өөр нэг баримт бол онгоц осолдсон газар шатахууны үлдэгдэл огт илрээгүй. Тиймдээ ч хүчтэй гал гаралгүй зургаан хүн амьд үлдсэн байх гэж үзэж байна.
Тиймээс онгоц яагаад хангалттай шатахуунгүй ниссэнийг шалгах ажил эхэлжээ.
Эх сурвалж: Time.Com