Гурван жилийн настай барилга барьсан “Цаст констракшн”-ы Н.Баярсайханд үйлчлэх хууль Монголд алга уу

1630

“Өргөө” амаржих газрын зүгээс “Цаст констракшн” ХХК-ийг шүүхэд өгсөн байна. Энэхүү амаржих газрын мэс заслын өрөөний тааз нурсан асуудал гараад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Тааз нурах үед өрөөнд мэс засал хийгдэж байсан бол 10 хүн амиа алдаж болзошгүй байсныг амаржих газрын удирдлагууд мэдэгдсэн. Өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан  “Цаст консракшн” компанийн тухайд  дахиад эрдэнэт хүмүүсийн амь настай холбоотой асуудалд арай хүрчихээгүй байгаа дээрээ дутуу дулимаг хийсэн ажлуудаа сайжруулж, дахиж нурахааргүй болгож, эх эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нь бүрэн бүтэн болгож өгөх ёстой. Гэтэл тус компанийн зүгээс эмнэлэгт учирсан хохирлыг барагдуулна гэсэн байр суурийг илэрхийлэлгүй өдийг хүрснээс ийнхүү шүүхийн хаалга татжээ.

Гурван жилийн хугацаанд баригдсан гурван жилийн настай өргөтгөл 

2013 оны нэгдүгээр сарын 31-нд “Өргөө” амаржих газрын өргөтгөл ашиглалтад орж тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, хотын дарга асан Э.Бат-Үүл нар тууз хайчилж байсныг уншигчид санаж буй биз ээ. Тухайн үед “Цаст констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Н.Баярсайхан “Улсын онцгой объект болох Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл барихаар шалгарахдаа өөрсдийн хариуцлагаа ухамсарлаж байлаа. Олон улсын стандартад нийцсэн, чанарын баталгаатай эмнэлэг барихын тулд бид бүхий л сэтгэл зүрхээрээ хичээж ажиллалаа. Энэ барилга маань цаашдаа Монгол Канадын найрамдлын бэлгэ тэмдэг болж сүндэрлэсээр байх болно” хэмээн ярьж байсан нь өдгөө хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Тэгвэл “Өргөө” амаржих газрын өргөтгөлийн  барилга “Сентерра гоулд” компанийн хөрөнгө оруулалтаар  баригдсан бөгөөд 10 тэрбумын хөрөнгөөр боссон байдаг. Барилгын гүйцэтгэгчээр  ажилласан “Цаст констракшн” ХХК 2010 онд ажлаа эхлүүлж, 2011 онд хүлээлгэн өгнө гэж байсан ч хойшилсоор 2013 онд хүлээлгэн өгч байсан түүхтэй. Улмаар 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр босгосон тус эмнэлгийг 1.4 тэрбум орчим төгрөгийн үнэтэй АНУ, Герман, БНХАЦ-ын эмчилгээ, оношилгоо, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглосон хэмээн тухайн үед албаныхан мэдээлж байсан ч хугацаандаа амжаагүй энэ барилга шаардлага хангаагүй байсан нь ийнхүү тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, 10 тэрбумаар гурван жилийн хугацаанд боссон барилгын ашиглагдах хугацаа мөн л гуравхан жил байжээ.

“Цаст констракшн” хариуцлагаас бултаж байна 

“Өргөө” амаржих газрын Эдийн засаг, санхүү, аж ахуй хариуцсан дарга О.Батдаваа “Тааз нурсан өрөөнд байсан тоног төхөөрөмжийн үнийг тооцож үзэхэд 69.5 сая төгрөгийн хохирол учраад байна. Тухайлбал, унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүслээ. Бид тааз нурсан даруйд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа болон Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан. “Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байна” хэмээн мэдээлсэн.

Улмаар тааз нурсан шалтгааныг мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар “Стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой” гэсэн байдаг. Тэгвэл “Цаст констракшн” компанийн зүгээс мэс заслын тасгийн таазыг “Зураг төслийнхөө дагуу хийсэн” гэх тайлбарыг өгч, хариуцлагаас зугтаж байсан аж. Харин энэ хооронд тааз нурж унасан хагалгааны өрөөг битүүмжилсэн бөгөөд энэ хугацаанд яаралтай мэс заслыг ЭХЭМҮТ-рүү шилжүүлж, энгийн мэс заслыг “Өргөө” амаржих газрын бусад хагалгааны өрөөнд хийдэг болоод байгаа аж.

Түлэнхийн төв “Өргөө”-гийн түүхийг давтах уу 

“Цаст констракшн” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтууд олон. Харин гурван жилийн настай барилга барьдаг энэ компанид тендерийг гартаа оруулахад асуудал бэрхшээл гэж үгүй юм байна гэдэг нь өнгөрсөн жилүүдэд тодорхой болсон. Тодруулбал, өдгөө “Цаст констракшн”-ынхан Түлэнхийн төвийн барилгын ажлыг хариуцаж байгаа юм. Хөрөнгө мөнгө дутсан гэж сүүлийн хэдэн жил дуншсан Түлэнхийн төвийн барилгыг Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 12 сая ам.долларын хөрөнгөөр гүйцээхээр болсон билээ.

Монгол Улсад парламентын ордон барихад зориулж олгохоор шийдвэрлэсэн Кувейт улсын буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэхээр болсон билээ. Гэтэл хууль дүрэм зөрчиж гаршсан, муу нэр луу данстай “Цаст констракшн” энэ ажлыг авсан байдаг. Ингэснээр Түлэнхийн төв “Өргөө” амаржих газрын түүхийг давтахгүй гэх баталгаа алга. Өөрөөр хэлбэл, барьсан барилга нь эхнээсээ нурж, хохирол учирчихаад байхад түүнийг барагдлуулахгүй хариуцлагаас бултаж, шүүх цагдаадаа тулсан энэ компани эрүүл мэндийн салбарт дахин хор хөнөөл учруулахаар зүтгэж байна гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

“Цаст констракшн”-ынхан өчнөөн удаа хууль дүрэм зөрчиж, олон хүний амь насыг хохироосон асуудалд ороогдсон ч төд удалгүй уснаас хуурай гарч чаддаг нь сонин. Барилгын тухай хууль зөрчсөн хэмээн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулж байсан удаатай “Цаст констракшн” тэр дундаа Н.Баярсайхан гэгч энэ нөхөр барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж, чухал салбаруудаар “тоглосоор” байх юм гэж үү эрх баригчид аа? Хэзээ энэ компани хуульд захирагддаг болох вэ…?

Г.НАРАН