Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

1285

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам 2017 оны санхүүгийн жилд хэрэгжих хоёр тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг гаргасан байна.

1.ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮНДСЭН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР:

Япон улсын их, дээд сургууль дээр сургуулийн боловсролтой холбоотой судалгаа хийх хүсэлтэй ЕБС-ийн багш нарыг шалгаруулалтад бүртгэж байна.

Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн багш 2017 оны аравдугаар сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд Японы талаас заасан их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ба тогтсон хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 143 мянган иений тэтгэлэг олгогдоно.

Бүртгэл нэгдүгээр сарын 23-нaac 27-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд болох бөгөөд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж.

Тавих шаардлага, болзол
1.Монгол улсын иргэн байх.
2.1982 оны 4 дүгээр сарын 2-ноос хойш төрсөн байх.
3.Их дээд сургууль эсвэл багшийн сургууль төгссөн байх.
4.Монгол улсын ЕБС-д одоо үндсэн багшаар багшилж байгаа бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар үндсэн багшаар 5 ба түүнээс дээш жил тасралтгүй багшилсан туршлагатай байх (Их, дээд сургуулийн багш, цагийн багш, ЕБС-ийн удирдах ажилтан, япон ба англи хэлнээс бусад гадаад хэл болон монгол хэлний багшийн хувьд оролцох боломжгүй).
5.Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.
6.Япон хэлийг идэвхтэй сурах хүсэлтэй байх. Япон орныг сонирхдог бөгөөд Японд очсон хойноо өөрийн зүгээс идэвх санаачилга гарган Япон орны тухай ойлголтоо гүнзгийрүүлэх хүсэлтэй байх. Мөн Японд судалгааны ажилд оролцож, Японд амьдрах чадвартай байх.
7.Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
8.Японд очихдоо “Их дээд сургуулийн оюутан” ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
9.Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
10.Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан бол шалгалт өгөх боломжгүй.
11. Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.
12. Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

Бүрдүүлэх бичиг баримт
1.Ажлын газрын тодорхойлолт (5 ба түүнээс дээш жил тасралтгүй үндсэн багшаар ажиллаж буйг баталсан)
2.Төгссөн их сургуулийн диплом (эх хувийг үзээд буцааж өгнө)
3.Нийгмийн даатгалын дэвтэр (эх хувийг үзээд буцааж өгнө)
4.Иргэний үнэмлэх (эх хувийг үзээд буцааж өгнө)
5.Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3х4 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.

Шалгалт
1.Бичгийн шалгалтыг англи хэл, япон хэл (япон хэлний мэдлэг шаардахгүй боловч хоёр шалгалт хоёуланг заавал өгнө)-ээр авах бөгөөд хоёрдугаар сарын 19-нд болно.
2.Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.

Японд суралцах тухай дэлгэрэнгүй тайлбар, зөвлөгөөг энэ сарын 24-нөөс-27-ны өдрүүдэд бүртгэлийн үеэр Японд суралцах тухай ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

2.ЯПОН ХЭЛ, ЯПОН СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ

Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2017 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг бүртгэж байна.

Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан 2017 оны аравдугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах ба уг хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 117 мянган иений тэтгэлэг олгоно.

Бүртгэл нэгдүгээр сарын 23-нaac 27-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд явагдана.

Тавигдах шаардлага, болзол
1.Монгол улсын иргэн байх.
2.1987 оны 4 дүгээр сарын 2-ноос 1999 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
3.Монгол улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсын оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Мөн бүртгэлийн үеэр их сургуульд харьяалалтай боловч чөлөө авсан оюутнуудын хувьд шалгалтанд оролцох эрхгүй болно).
4.Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх.
5.Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.
6.Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
7.Японд очихдоо “Их дээд сургуулийн оюутан” ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
8.Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
9.Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
10.Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.
11.Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

Бүрдүүлэх бичиг баримт
1.Сургуулийн тодорхойлолт (Элссэн он болон одоо хэддүгээр курсэд суралцаж буйг тэмдэглэсэн байх)
2.Дүнгийн тодорхойлолт
3.Иргэний үнэмлэх (эх хувийг үзээд буцааж өгнө)
4.Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3х4 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.

Шалгалт
1.Бичгийн шалгалт: Япон хэлээр авах бөгөөд хоёрдугаар сарын 19-нд болно.
2.Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.

Нэгдүгээр сарын 24-нөөс-27-ны өдрүүдэд бүртгэлийн үеэр Японд суралцах тухай ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны
Соёл, мэдээллийн хэлтсээс лавлах боломжтой. Утас 320777