Д.Содном: Нам төвтэй засаглалыг Төр төвтэй болгомоор байна

991

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч Думаагийн Содномыг урилаа. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг сүүлийн хэдэн жил төрийн эрх баригчид, улс төрийн намуудын удирдлагууд болон иргэд ихэд сонирхох болсон бөгөөд бид энэ болон өнөөгийн улс төрийн намуудын талаар ярилцлаа.
-Та төрийг тогтворжуулахын тулд Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулж тогтолцоог нь шинэчлэх санал дэвшүүлдэг. Ингэхэд төр засаг тогтвортой ажилладаг болох асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр шийдэх арга зам байдаггүй юм болов уу? 

-Аливаа улсын хөгжих эсэх нь тэр улсын төр засаг тогтвортой, ухаалаг бодлоготой ажилладаг байх эсэхээс хамаардаг нь маргаангүй. Эрдэмтэн мэргэд л гэхэд “Дээрээ суудлаа олоогүй бол доороо хөлөө олдоггүй” гэж сургасан байдаг. Одоо манай улсад тийм нөхцөл байдал ажиглагдаж  байна. УИХ, Засгийн газар, аймаг, нийслэл, сум дүүргийн удирдлагуудыг сайн муу ажилласныг тунгаахгүйгээр дөрвөн жил дутам заавал өөрчилдөг. Түүнийг дагаад төрийн бүх шатны албан хаагчийг намын харьяалалд хамааруулж халж сольдог болсноор суудлаа, хөлөө олохгүй болцгоолоо.  Айлаар зүйрлэвэл эцэг эх нь тогтворгүй, хүүхдүүд нь амьдрал ажилд сурах боломж муутай гэр бүл шиг болчихоод байгаа юм уу даа.  Дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон удирдагчид түүнээс цааш хугацаанд хийх ажилд анхаардаггүй.  Энэ бүхэн төр засаг тогтворгүй, ухаалаг биш буйн үндсэн шалтгаан. Улсын эдийн засаг нийгэм тогтвортой хөгжиж чадахгүй байгаа нь үүнээс хамааралтай гэх үү дээ. Би өөрт чинь энэ сэдвийн хүрээнд хэдэн сонирхолтой тоо хэлэх үү.
-Тэгээч дээ? 
-Ардчилсан хувьсгалаас хойших 26 жилд УИХ долоо, Засгийн газар түүнээс ч  олон удаа өөрчлөгдсөн байна. 1911 оноос 1990 он хүртэл 80 жилд Ерөнхий сайдаар 12 хүн ажилласан байдаг бол 1990 оноос хойших 26 жилд Ерөнхий сайд 17 удаа өөрчлөгдсөн байгаа юм. 17 Засгийн газрын мөрийн хөтөлбөр үйл ажиллагааны бодлого нь урьдахаасаа уламжлагдаж байсан нь ховор. Төр засгийн эрх барих бүтэц бүрэлдэхүүнийг богино хугацаанд өөрчилдөг байж болно. Хоцрогдол, ялзрал, зогсонги байдалд орохоос сэргийлж, хөгжил дэвшилээс хоцрохгүй байх зэрэгт хэрэгтэй зүйл. Тэгэхдээ төр, улсын удирдагчид сайд дарга нар нь богино хугацаанд өөрчлөгдөж байсан ч улс нь тогтвортой хөгжөөд байдаг өндөр хөгжилтэй улсад дараах гол нөхцөлүүд хангагдсан байдаг гэж би хардаг. Тухайлбал, улсын нийгэм эдийн засгийг гол салбаруудаар нь урт /15-20 жил/ хугацаанд хөгжүүлэх төрийн бодлогоо, түүнийг хэрэгжүүлэх /дунд хугацааны хуваарьтай/ гол төсөл арга хэмжээний төлөвлөгөөний хамт боловсруулж төрийн эрх барих дээд байгууллага-парламент нь хуульчилан баталсан, түүнийг үе үеийн Засгийн газар нь хамгийн үр ашигтайгаар хэрэгжүүлэхийн төлөө өрсөлдөж ажилладаг журамтай. Энэ нөхцөлд Улс төрийн ямар нам сонгуульд ялснаас хамаарахгүйгээр төрийн тогтвортой хөгжлийн бодлого тууштай хэрэгждэг. Хоёрдугаарт, төрийн бүх шатны албан хаагч тогтвортой ажиллаж мэргэшсэн байдаг. Тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн, ажлын болон ёс суртахууны ноцтой алдаа гаргаснаас бусад шалтгаанаар халж сольдоггүй, намын харьяаллаас болж ажлаас өөрчлөгдөх тухай ойлголт байдаггүй. Гуравдугаарт, төрийн яамдын тогтвортой ажиллаж мэргэшсэн албан хаагчид нь тухайн яамны хариуцсан салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлогчид, хэрэгжүүлэгчид байдаг.  Яамны бодлого байх ёстой, ирээд яваад байдаг сайд даргын бодлого гэж байх ёсгүй ч гэж ярьдаг. Үндсэндээ улс нийгмээ хөгжүүлэх алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөтэй төрийг бий болгож тогтвортой ажиллуулдаг болгоход шаардагддаг эдгээр чухал нөхцөлийг Монгол Улсын Үндсэн хуулийн төрийн байгуулалын тухай 3 дугаар зүйлд нэмэж тусгамаар байгаа юм.
-Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг  дөрвөн жил дутам явуулахаар заасан нь буруу. Ийм учраас төр засаг тогтворгүй байна гэж дүгнэж болох нь ээ?
-Бас тэгэж болохгүй. Үндсэн хуулиар сонгууль явуулах хугацаа тогтоосон нь буруу биш. Харин төр засгийн удирдлагын өндөр хариуцлагыг бүрэн ухамсарладаггүй улс төрийн намууд УИХ, Орон нутгийн сонгуулийг зөвхөн эрх мэдэл албан тушаал олж авах өрсөлдөөн болгон гажуудуулж, төрийг тогтворгүй, ухаалаг бодлогогүй болгоод байгаад гол буруу нь байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 26 жилд төр засгийн эрхийг ээлжилж барьсан улс төрийн \АН, МАН\ хоёр намын удирдлага Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг төр засгийн эрхийг авч байх намынхаа явцуу ашиг сонирхолд нийцүүлж гаргаад өөрчлөөд байгаа санагддаг. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг сонгоход нэр дэвшүүлэх эрх зөвхөн улс төрийн намд байхаар хуульчилж, намынхаа тойрон хүрээлэгч хэдэн хүндээ төр засгийн удирдлагад гарах бололцоо бий болгосныг болиулж нэр дэвшүүлж сонгох эрхийг иргэдэд олгомоор байна. Үндсэн хуулийг зөрчиж иргэдээс сонгогдоогүй намаас томилсон 28 хүнийг УИХ-д гишүүн болгож байсан гажуудлыг давтахгүй юмсан. УИХ-ын гишүүд болон орон нутгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид ард түмний төлөөлөл байж улс нийгмийн эрх ашгийн төлөө саналаа хэлж ажиллах ёстой атал тэднийг намын харьяллаар нь талцуулж сөргөлдүүлдэг, намын даалгавараар яриулдагийг болиулмаар байдаг. Дүгнэж хэлхэд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх, нам төвтэй засаглал бий болгоод байгааг Төр төвтэй засаглал болгомоор байна.  Энэ бүхэн төрийн тогтвортой байдлыг хангах, намууд дагасан талцал иргэдийг ч талцуулан хагаралдуулж байдгаас ангижрах, ард түмний төрд итгэх итгэлийг сэргээх ач холбогдолтой.  Эдгээр асуудлыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай, Төрийн албаны тухай зэрэг холбогдох хуулийг өөрчлөх замаар шийдэхээс өөр аргагүй болсон.
-Таны ярианаас төр тогтвортой үр дүнтэй ажиллахгүй байгаагийн гол шалтаг, шалтгаан нь улс төрийн намууд, тэд л буруутай гэж ойлголоо. Гэхдээ дэлхийн бүх улсад улс төрийн намууд нь өрсөлдөж засаг төрийг эрхийг авдаг биз дээ?
-Тиймээ.  Бараг бүх улсад улс төрийн нам байдаг. Төр засгийн эрх барих өрсөлдөөн байдаг. Манайд ч тийм байх ёстой гэдэгтэй санал нэг. Манай улсад болохгүй байгаа гол шалтгаан бол улс төрийн намууд, ялангуяа төрийн эрх ээлжлэн барьж байгаа хоёр нам улс орны амьдралыг ухаалгаар авч явах чадвар мөхөс, төлөвшөөгүй, сонгуульд ялж төр засгийн эрх барих зөвшөөрөл авсныхаа дараа хэрэгжүүлэх цогц боловсруулсан ялангуяа хэтийн хугацааг харсан бодлого төлөвлөгөөгүй, сонгогчдод таалагдахын тулд хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй амлалтуудаа Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр болгож батлан хагас дутуу хэрэгжүүлээд хариуцлага хүлээхгүй өнгөрдөгт учир байгаа юм.  Тийм учраас Улс төрийн намын тухай хуулийг өөрчилж төрийн эрх барих эрх авахын төлөө өрсөлдөж болох улс төрийн намд тавих босго шаардлагыг өндөрсгөх зайлшгүй шаардлагатай.
-Гэхдээ яаж? 
-Тухайлбал миний хэлэх дараах нөхцөлийг хангасан улс төрийн намд сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрдөг болмоор байна. Үүнд, төр засгийн эрх авсан тохиолдолд дунд \4-5 жил\, урт \15-20 жил\ хугацаанд улс нийгмийг хөгжүүлэх бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө буюу гол төслийг иж бүрдлээр зохих техник эдийн засгийн үндэслэл тооцоотой нь боловсруулж төрийн эрх барих дээд байгууллагад оруулан батлууулсан буюу уг ажилд идэвхтэй оролцсон. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн төрийн бодлого төлөвлөгөөг улс орон даяар хариуцан хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөц бүрдүүлсэн, авилга ашиглалын гэмт хэрэгтэй тууштай тэмцдэг, хариуцлага сахилга дэг журмыг эрхэмлэн сахидаг байх зэрэг. Миний бодлоор эдгээр шаардлагыг хэрхэн хангасныг бодитоор дүгнэхэд онц анхаарах хэрэгтэй.  Монгол Улсын эдийн засгийг 2030 он хүртэл хугацаанд хөгжүүлэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг баримт бичгийг хариуцлагагүй боловсруулсан, УИХ 2015 онд түүнийг нарийн хяналгүй баталж олон улсын байгууллагад өгөөд мартсан шиг хуурмаг ажил хийж болохгүй. Манай улсын улс төрийн намууд улс орны амьдралыг ухаалгаар авч явж хараахан чадахгүй байгаа. Түүнээс болж ард иргэдийн итгэлийг алдаж байгаа учраас би нэг талаар намуудад тавих шаардлагыг өндөржүүлэх, нөгөө талаар тэднийг төлөвшихийг хүлээхгүйгээр төрийн тогтолцоог боловсронгуй болгох замаар засгийн эрхийг ард түмэнд ойртуулж өгөх аргыг эрэлхийлж байгаа ухаантай.  Гэрээ засаад төрөө зас гэдэг сургаалийг гэрээ зас, намаа зас, тэгээд төрөө зас гэж ярьдаг болсон нь зөв санагддаг.
-Таныг ингээд ярихаар саначихлаа. Та хоёр танхимтай парламент бий болгох тухай саналыг олон жил ярьж байгаа. Ер нь яагаад хоёр танхимтай байх нь зөв гэдэг юм бэ. Түүнийхээ ач холбогдол, хувилбарыг тодруулж хэлэхгүй юу?
-Парламентыг хоёр танхимтай болгохын ач холбогдол нь засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байх ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлэхэд, хариуцлага сахилгыг бэхжүүлэхэд, төр төвтэй засаглалтай болоход байгаа юм.  Парламент Дээд Доод гэсэн хоёр танхимтай. Дээд танхим нь сум дүүрэг бүрээс сонгогдсон 400 орчим гишүүнтэй, байнгын биш ажиллагаатай. Доод танхимын хууль боловсруулж гаргах ажилд хяналт тавих ёстой.  Төрийн эрх барих ийм Дээд танхимтай байвал төрийн эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтад нийцсэн шийд болох, төрийн шийдвэрт ард иргэдийн санал тусгагдаж байх нөхцөл сайжрах ач холбогдолтой.  Улс орны эрх ашигт харш үйлдэл хийж болзошгүй этгээд байхад түүний оролдлогод ашиглагдах, худалдагдах эрсдэл бага байх болно. Манай улсад урьд нь олон жил хоёр танхимтай парламент байсан туршлага бий бөгөөд түүнийгээ боловсронгуй болгож хэрэгжүүлэх нь зөв. Мөн парламентийн Дээд танхимын өөр хувилбар байж болно.  Тэр нь 50 орчим гишүүнтэй, байнгын ажиллагаатай танхим.  Хамгийн гол нь ийм Дээд танхимыг бүрдүүлэхдээ түүний гишүүд хүн нэг бүр Монголын бүх сонгогчдын олонхын саналаар сонгогдсон байх нь зүйтэй. Дээрх хоёр хувилбарын алиныг сонгохыг ард иргэдээс санал авч шийдэх нь зөв байх.
-Та саяхан Үндсэн хуульд өөрчөлт оруулах талаар том нийтлэл бичсэн. Тэр нийтлэл олон ч хүний анхаарлыг татсан байсан. Нийтлэлд улсын Ерөнхийлөгчид Засгийн газрыг толгойлох үүрэг хариуцуулах санал байсан. Та яагаад ингэж үзэх болов. Ер нь ингэх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Засаглалыг Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэсэн гурван хэсгээс бүрдүүлэх ёстой гэдэг.  Манайд хууль тогтоодог УИХ, Гүйцэтгэлийг хариуцсан Засгийн газар, Шүүх нь байна. Гэвч ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч нь аль хэсэгт хамрагдаж ажиллах нь тодорхойгүй байх шиг санагддаг. Сүүлийн үед Ерөнхий сайдын буюу гүйцэтгэх засаглалын эрх үүргийг нэмэгдүүлэх санал гарч байгааг би зөв гэж боддог. Хариуцлага өндөржүүлэхэд чухал ач холбогдолтой санал байгаа юм.  Харин би энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газраа тэргүүлж ажиллах үүргийг хариуцуулах замаар шийдэх санал дэвшүүлж байгаа юм. Ерөнхийлөгч хууль тогтоогч биш, шүүгч биш, харин гүйцэтгэх засаглалаа бүрэн хариуцсан, Засгийн газрын үйл ажиллагааг удирдаж явуулах, тулгамдсан асуудлыг хууль журмын дагуу бие даан шуурхай шийдвэрлэх эрх мэдэлтэй удирдагч байх нь илүү зохимжтой.  Засгийн газрынхаа бүтэц бүрэлдүүнийг шийдэж, үйл ажлыг нь үр дүнгээр хариуцлага хүлээж ажилладаг нэг гол өндөр хариуцлагатай удирдагчтай баймаар байна.  Засгийн газраа толгойлдог Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн дагуу алив асуудлыг шуурхай шийдвэрлэж байхад шаардагдах эрх мэдэлтэй байхын зэрэгцээ Парламентын Доод танхимаас гаргасан хуульд Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан, улс нийгмийн ашиг сонирхолд хохиролтой байж болох зүйл байна гэж үзвэл түүнийг хэрэгжүүлэхээс татгалзах болон өөрчлүүлэх, зайлшгүй тохиолдолд Доод танхимыг татан буулгаж шинээр сонгох зохих үндэслэл бүхий санаачлага гаргах эрхтэй байх нь зүйтэй байх. Нөгөө талаар парламентын Дээд танхим Ерөнхийлөгчийн ажилд хяналт тавьдаг, ажлын тайланг авч дүгнэлт гаргадаг, хууль зөрчсөн ажлын, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд түүнд итгэл үзүүлж ажиллуулах эсэх, бүр огцруулах асуудлыг ч зохих журмаар шийдвэрлэдэг байх нь зүйтэй. Ер нь парламентын Дээд, Доод танхим болон Засгийн газар толгойлсон Ерөнхийлөгчийн эрх үүргийн хуваарь хэрхэн зохистой байхыг сайн боловсруулж Үндсэн хуульдаа тусгаж таарна.
-Та мөн сахилга, дэг журмын асуудалд их анхаарсан байсан. Гэхдээ зарим нь таны энэ саналыг ардчилал, хүний эрх эрх чөлөөг хазаарлах  санаа гэж шүүмжлэх биш үү?
-Шүүмжлэх мушгих ганц нэг хүн гарч болох юм.  Ардчилалгүй, хүмүүсийг эрх чөлөөгүй болгосон дарангуйлагч засаглал байхыг монголчууд яавч тэвчихгүй нь тодорхой.  Ардчиллын нэрээр хүн бүхэн дураар дургиж эмх цэгцгүй байж болохгүй, би эрхтэй эрх чөлөөтэй гээд бусдынхаа эрх эрх чөлөөнд халдах ёсгүй.  Хүн төрөлхтөн оршин байхын тулд дагах ёстой энэ хуулийг дагадаггүй нийгэм ялзрах мөхөх аюултай. Барууны гэх зарим улсын үзэл сурталчид өрсөлдөгч юм уу эрхшээлдээ оруулах сонирхолтой улс орнуудад ардчилал, эрх чөлөөг эрээд, тулгаад байдаг нь улс нийгмийг задлан бутаргах зорилготой уялдсан байдаг гэх хардлага байдаг. Ардчилал, хүний эрх эрх чөлөөг туйлшруулаад байвал түүнээс үүдэлтэй эмх замбраагүй буюу манай иргэдийн ах захаа, Монголоо алдсан гэж хэлдэг гаж үзэгдлүүд хүмүүсийн ухамсар хүмүүжилд нөлөөлж, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл байгааг иргэд хэдийнээ мэдрээд, сэрэмжлээд байгаа биш үү.  Захирах захирагдах ёсгүй гэж туйлшраад хүүхдүүд нь эцэг эхийнхээ үгэнд орохоо байцгаавал, гэмт хэрэгтэн авилгачид нь хэлмэгдүүлэлт гээд шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй болчихвол ёстой Монголоо алдсан замбраагүй нийгэм болчих биш үү. Азийн бар гэж нэрлэгдтэлээ өндөр хөгжилд хүрч чадсан Сингапур, Малайз зэрэг улсын төрийн удирдагчид ардчилал, хүний эрх эрх чөлөө гэдгээс сахилга, дэг журам улс орны хөгжилд илүү ач холбогдолтой гэж үздэг байснаараа амжилтад хүрсэн юм билээ.  Монголд ирээд дуураймал ардчилал аюултай шүү гэж хэлээд явсан гаднын төрийн зүтгэлтэн бий гэж дуулсан.
Ардчилал, хүний эрх эрх чөлөөний асуудал Үндсэн хуульд сайн тусгагдсан.  Одоо сахилга хариуцлага, дэг журам чухал, иргэн бүхэн эрхэмлэ, дагаж мөрд гэсэн үг Үндсэн хуульд тусгагдвал хэрэг болно доо.  Оюутан сурагчдаа эрдэм номтой болгохын зэрэгцээ төлөв түвшин зөв хүмүүжилтэй иргэн болгож чадаж байгаа \Оточ Манрамба Их сургууль зэрэг\ их дээд сургуулиудын туршлагыг бүх шатны сургуульд нэвтрүүлвэл дэг журамтай болцгооход хэрэг болно. Засгийн газраа толгойлж байх Монгол Улсын Ерөнхийлөгч сахилга дэг журамтай, хариуцлагатай байх өндөр шаардлага тавьж ажиллавал ард иргэд талархан бүх талаар дэмжих нь гарцаагүй.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах, иргэдийн санал авах, шийдэх, хэрэгжүүлж эхлэхэд  хугацаа хэрэгтэй байх.  Зарим хүн яаралтай шийдье, цаг алдаж байна гэж ярьдаг л даа? 
-УИХ-аас Үндсэн хуульд байгаа өөрчилж үл болох заалтуудыг дурьдсан хууль гаргасныг мөрдөж зөвхөн төрийн байгуулалын тухай зүйлүүдэд өөрчлөлт оруулмаар байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг их хариуцлагатай, үр дагаварыг нь бүх талаас нь бодож, холбогдох бусад хууль журамд оруулах өөрчлөлттэй хамт боловсруулж байж шийдэх, туршлагатай хүмүүсийн хэлдгээр үгүүлбэр, үг, цэг таслал нэг бүрээр бодож боловсруулах ёстой үнэхээр чимхүүр ажил.  Төслийг иж бүрдлээр боловсруулах, иргэдээс санал авах, авсан саналын үндсэн дээр эцсийн найруулгыг хийж бичихэд их цаг хугацаа, ухаан, туршлага шаардана. Бусад ажлаас чөлөөлөгдсөн мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийг одооноос ажиллуулаад боловсруулсан төслийг УИХ-д 2018 оноос хэлэлцэж 2019 онд батлаад, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр төрөө байгуулах сонгуулийг 2020 онд явуулбал зөв болно. Ийм зохион байгуулалтаар ажиллавал УИХ, Засгийн газар эдийн засгаа одоо тулгараад байгаа хүнд байдлаас гаргаж тогтворжуулахад анхаарал төвлөрүүлж ажиллах бололцоотой байх болно.
– Улс төрийн намуудад сонгуульд оролцох эрх олгоход тавих болзол дотор авилгатай хэрхэн тэмцэж буйг харгалз гэсэн байсан.  Ер нь манай улсад авлигатай хийж байгаа тэмцэл түүний үр дүн ямар байна вэ, таны бодлоор?
-Авилгатай тэмцэж байна.  Гэвч, авилгачид ашиглагчдын эсэргүүцэл их байна.  Зарим авилгачтай хийх тэмцэлд хууль хүчний байгууллагын чадал мөхөсдөж байгаа санагддаг.  АТГ-ын ажлыг дэмжиж, авилга ашиглалтай нийтээрээ санаа нийлж хатуу тэмцэхгүй бол энэ аюулт үйлдэл манай улсын эдийн засгийг сүйрүүлнэ.  Эрх мэдэлтнүүдийн зарим нь олон тэрбум төгрөгтэй тэнцэх валютыг оффшор гэдэг газарт нуучихсан, хөрөнгө орлогын мэдүүлэгт нь эх үүсвэрийн үнэмшилтэй тайлбаргүй орлого орчихсон байдаг. Эх үүсвэрийн үндэслэлтэй тайлбаргүй орлого, татвар төлөхөөс зайлсхийж энд тэнд нуусан мөнгө бол цэвэр биш мөнгө болох нь тодорхой учраас олон үггүй улсад хурааж авдаг баймаар. Зарим авилгач ашиглагч гэмт хэргээ цайруулах, ял завшихдаа Улс төрийн намыг бамбай болгож ашиглахыг оролддог болсон юм биш үү.  Тийм учраас би улс төрийн намуудад энэ талаар тавих шаардлагыг чангатгах санал дэвшүүлж байгаа.

Улс төрийн тойм сонин
Л.Оюунгэрэл