Пак Гын Хэ шүүх хуралд дахин ирсэнгүй

546

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр /2017.01.05/ Үндсэн хуулийн шүүхийн ээлжит хуралдаанд очсонгүй. Өнгөрсөн мягмар гаригт болсон эхний хуралд шүүх бүрэлдэхүүн түүнээс мэдүүлэг авахаар дуудсан боловч очихоос татгалзсан юм. Хуулийн дагуу тэр Үндсэн хуулийн шүүх хуралдаанд заавал очих албагүй, тиймээс шүүхийн үйл явцад цаашид ч оролцохгүй гэж Пак Гын Хэгийн өмгөөлөгч хэлсэн байна.

Пак Гын Хэ шүүх хуралд оролцохгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн зарласны дараа хурлын дэгийн дагуу ерөнхийлөгч Пакийн өмгөөлөгч болон Үндсэн ассамблейн төлөөлөгч нарын хэлэлцүүлэг эхэлсэн байна. Сануулахад, Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей Пак Гын Хэд итгэл үзүүлэх эсэх асуудлаар арванхоёрдугаар сарын 9-нд  санал хураалт явуулж, түүнийг огцруулах нь зүйтэй гэж үзсэн билээ. Одоо дээрх шийдвэрийг эцэслэхээр Үндсэн хуулийн шүүх хуралдаж байгаа юм.

Парламентын Хууль, эрх зүйн хорооны дарга Квон Сён-дун ерөнхийлөгч Пакийг албан тушаалаас нь огцруулах үндэслэлийг тайлбарлаж, түүний үйлдэл нь Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн гэжээ. Ингэхдээ улсын нууцад хамаарах бичиг баримтыг Чой Сун Шилд өгсөн, Чой овогтод туслах зорилгоор  дотоодын компаниудаас их хэмжээний мөнгө татан төвлөрүүлсэн гэм буруутай гэж онцолсон байна.

Харин Пакийн өмгөөлөгч И Жун-хван үүнийг нотлох баримт хангалтгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй гэж няцаажээ. Мөн Samsung компанид шахалт үзүүлж, соёл, спортыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын санд их хэмжээний хандив цуглуулсан асуудлыг үгүйсгэсэн байна. “Тэр ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үедээ л соёл, спортын салбарыг онцгой анхаарна гэдгээ хэлж байсан. Энэ хоёр салбарыг дэмжих цорын ганц зорилготой. Ерөнхийлөгч Пак энэ хоёр сангийн үйл ажиллагааг Чой Сун Шил удирддаг гэдгийг мэдээгүй” гэж мэдүүлжээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ өөрийгөө гэм буруугүй, өөрт нь тулгасан ял бүгд зохиомол, бодит үнэнээс зөрсөн, хов жив төдий зүйл гэж мэдэгдэж байгаа юм. Мөн авлига, хээл хахууль, бусад гэмт үйлдлүүд түүний оролцоогүйгээр хийгдсэн гэсэн билээ.

Үндсэн хуулийн шүүх үдээс хойш үргэлжлүүлэн хуралдан, дөрвөн гол гэрчээс мэдүүлэг авах аж.

С.ЦЭЛМЭГ