Дарсан доллараа амжиж зарах торгон мөч ирсэн гэдгийг уншигчдадаа дуулгая. Ханшийн зөрүүн дээр тоглолт хийж, ашиг олох эрмэлзэл бүхий банк, санхүүгийн байгууллагынхны хувьд тун тааламжгүй, харин аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэл эрхлэгч, нийт эдийн засагт таатай нэгэн мэдээллийг эдийн засагчид хэлж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2720 төгрөг болтлоо “галзуурч” байсан долларын ханш одоогоор тогтвортой байгаа. Цаашдаа улам буурна гэсэн мессежийг тэд өгч буй юм. Долларын ханш доошлох болсон шалтгаан нь дотогшлох урсгал удахгүй сайжирна гэсэн эерэг хүлээлт эдийн засагт үүссэнтэй холбоотой.
Ирэх хоёрдугаар сард Монголын Засгийн газарт ОУВС тусламж, дэмжлэг үзүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, ОУВС-тай өнгөрсөн оноос эхлүүлсэн хэлцэл Монголд нааштайгаар шийдэгдэж байгаа юм. Ирэх хоёрдугаар сард Монголын Засгийн газар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар долларын ханш буурах төлөв ажиглагдж байгаа юм.
Стэнд бай хөтөлбөрийн хүрээнд Монгол Усын эдийн засагт гурван тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн мэдээлэл бий. ОУВС-гаас 1-1.5 тэрбум, Японоос хоёр тэрбум долларын зээл өгөх тохироонд хүрсэн бололтой. Энэ бол манайх шиг жижиг эдийн засагт хангалттай цус сэлбэлт болох төдийгүй эхний ээлжийн 1-1.5 тэрбум ам.доллар орж ирэхэд л гадаад валютын ханш одоогийнхоос эрс буурна. Өнөөрийн байдлаар 2497-2499 төгрөгийн ханштай байгаа ам.долларын ханш 1900 төгрөгөөс ч уруудна гэж зарим хэвлэл тоо заан мэдээлсэн байна. Энэ бол хуудуудтай мэдээлэл огтоос биш. Чухам тиймээс л ханш өсөхийг хүлээх хэрэггүй, харин ч буурна гэдгийг сануулах гэсэн юм.
Ханш савлуулж ашиг хонжоо хайгсдын олонх нь энэ төрлийн бизнес эрхлэгчид. Гадаад валютын ханш өсч гангараад ирмэгц аилжааны банкууд Монголбанкнаас их хэмжээний ам.долларыг албан ханшаар нь худалдан авдаг. Тэгсэн хэр нь буцааж зарахгүй хав дарчихаад байдагт олон хүн эргэлздэг. Зарахгүй юм бол ам.доллар авах хэрэггүй гэдгийг захын хүүхэд ч ойлгоно. Тэгэхээр валют арилжааны газруудын цаад эзэд банкирууд байхыг хэн мэдлээ. Ямартай ч Монголын санхүүгийн зах зээлд монодольдсоор байгаа арилжааны банк, ченжийн захуудын ханшийн зөрүүн дэх тоглолтод түр боловч цэг хатгах Стэнд бай хөтөлбөрийн чимээ наашиллаа. Өмнөх түүхийг эргэн сөхвөл 2009 оны Сэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед 2048 төгрөгт хүрч байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1428 төгрөг болтлоо буурч байжээ. Яг ийм эгзэгтэй үед нөөцөлж хадгалсан ам.доллараа амжиж зарахыг сануулъя.
Д.ЦЭЭНЭ