Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар бөглөдөг болно

783

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төслийг баталснаар Авлигатай тэмцэх газарт мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг зэрэг мэдүүлгүүдийг цахимаар өгдөг болж байна.

Улсын хэмжээнд ХОМ бөглөдөг 38000 орчим албан тушаалтан бий. Эдгээр хүмүүсээс хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим систем буюу meduuleg.mn цахим хуудсаар бүртгэж давхар цаасан хэлбэрээр дөрөв дэх жилдээ гаргуулан авч байна.

2013-2016 оны цахим мэдээллийн санд хуулийн үйлчлэлд хамрагдах албан хаагчдын цахимаар болон цаасан хэлбэрээр нийт давхардсан тоогоор 161831 албан тушаалтны 161831 ХАСХОМ /хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ гаргажээ. Ингэснээр энэ хугацаанд 1910214 ширхэг бичгийн цаас, 1364.4 ширхэг принтерийн хор зарцуулж, 90.9 сая төгрөгийн зарцуулалтыг зөвхөн мэдүүлэг хэвлэн гарахад зарцуулан гаргасан тооцоо байдаг юм.

АТГ-аас жилд дунджаар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 10000 гаруй нэр дэвшигчдийн ХАСХОМ-ийг хянаж хариу хүргүүлдэг. 2015 оны дүнгээр 8119 ХАСХОМ-ийг хянасан бөгөөд мэдүүлгийн дунджаар 15 хуудас байхаар тооцоход 243.6 боодол буюу 121.785 ширхэг бичгийн цаас, 87 ширхэг буюу 121785 нүүр хуудас принтерийн хор зарцуулж нийтдээ 14 сая 490885 төгрөгийг зарцуулсан тооцоо гарчээ.

Цаашид ХАСХОМ-ийг хянах ажиллагааг бүрэн цахимжуулснаар мэдүүлгийг цаасан хэлбэрээр авахаас татгалзах нь төсвийн хөрөнгийг хэмнэх, мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны ажлын ачааллыг тодорхой хэмжээгээр багасгах, цаг хэмнэх ач холбогдолтой гэдгийг Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж хэллээ.