Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

513

Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлууллаа.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдан Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасан хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэллээ.

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Б.Жавхлан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан.

Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал нь уг банкны амжилттай, үр ашигтай ажиллах боломжийг бууруулж, төсөв, санхүүгийн салбарт багагүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байна.

Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор бусад орны амжилттай туршлагыг судлан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бусаар, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон үндсэн таван чиглэлийн хүрээнд боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж буй юм.