Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ тойрсон элдэв шуугиан тасардаггүй. Шинэхэн, залуухан дарга томилоод удаагүй байгаа ч ТОСК-ийг татан буулгах тухай хөндсөн нь ч бий. Тиймээс бид шинэ оны босгон дээр ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйтэй ярилцлаа.
-ТОСК-ийн шинэ захирлаар томилогдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Ажлаа хүлээн авснаас хойш нэн тэргүүнд шийдвэрлэх ямар асуудлуудтай тулгарсан бэ. Эхнээс нь шийдэж амжсан уу?
-ТОСК-ийн хувьд би шинэ хүн биш. Энэ жил зургаа дахь жилдээ ажиллаж байна. ТОСК байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын ихэнхэд нь оролцсоны хувьд ажлын зарчмыг нь мэднэ. Дунд нь хоёр жил л хөндийрсөн. Тэгэхээр эргээд ажил хариуцсан гэж хэлэх хэрэгтэй болов уу.
Эргээд ажил авахад хуримтлагдсан маш олон асуудал байсан. Тухайлбал,“Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажил дуусч, хүмүүс байрандаа орсон ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /ордер/ нь гаралгүй жил гаруйн хугацаа өнгөрч, хүмүүсийг хүлээлгэсэн, хүндрэл үүсгэсэн байсан. Үүнээс болоод иргэдэд ихээхэн хохирол учраад байна. Ялангуяа гэрчилгээ удсанаас болоод банкны зээлийн шийдвэр цуцлагдахад хүрсэн байгаа юм. Иймд иргэдийн зээлийн шийдвэрийг хэвээр нь хадгалаач гэсэн хүсэлтийг банкуудад хүргүүлээд байгаа.
Мөн айлуудын ордер эхнээсээ Хөгжлийн банкны барьцаанаас гарч эхэлсэн. Манайх Хөгжлийн банкинд их хэмжээний өртэй байгаа нөхцөлд бид асуудлыг богино хугацаанд шийдэж чадсанаараа амжилттай ажиллалаа гэж хэлж болно. Хөгжлийн банкны төлбөрүүдийг бууруулах боломжийг эрэлхийлж, тодорхой хэмжээний эргэн төлөлт хийж байгаа. Ний нуугүй хэлэхэд намайг ажил авахад ТОСК-ийн санхүүгийн байдал үнэхээр хүнд байсан. Урт болон богино хугацааны их хэмжээний өр угтсан. Данс нь хоосон, ажилчиддаа тавих цалингүй, төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх шийдэлгүй байв. Тиймээс хуримтлагдсан олон асуудлыг эхнээс нь шийдвэрлэж байна.
-ТОСК зорилтот бүлгийн иргэдийг орон сууцтай болгоход анхаардаг. Харин урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй хүмүүст чиглэсэн ямар бодлого баримталж байна вэ?
-Энд зориуд тайлбарлахад, зорилтот бүлгийн иргэдэд зориулсан хамгийн хямд байр гэхээр хүмүүс байрны чанарт эргэлздэг. Гэвч тэгэх хэрэггүй. ТОСК байраа бариулахдаа стандартыг барьж ажилладаг. Нэгд, хямд үнэ, хоёрт чанар, гуравт тав тухыг чухалчилдаг.
Харин 30 хувийн урьдчилгаа төлөх иргэд цөөрсөөр байгаа нь үнэн. Ийм үед иргэд түрээсийн орон сууцанд аж төрж асуудлаа шийдэж болох юм. Нийгэмд түрээсийн орон сууцны эрэлт их байсан учир БХБ-ын сайд болон Засгийн газраас шийдвэр гаргуулж, 360 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд нийлүүлэхэд бэлэн болоод байна.
-“Буянт-Ухаа 2” хорооллын байрнуудыг хашаа байшингаар солино гэсэн мэдээлэл гарсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Барилга, хот байгуулалтын сайд нарын ярилцсан асуудал. Одоогоор албан ёсоор тогтоол шийдвэр гараагүй.
-Орон нутагт ТОСК-ийн санхүүжилтээр бүтээн байгуулалт өрнүүлдэг. Баригдсан барилга байшингийн чанар, үр дүн ямар байна вэ, орон нутгийн иргэд юу хүсч байна вэ?
-Орон нутгийн компаниуд ТОСК-той хамтарч өөрийн нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлэх туйлын сонирхолтой байдаг. Иргэдийн хувьд үнэ хямд, чанартай байхыг шаардаж байгаа. Бид энэ бүхнийг бүрдүүлж чадсан. Орон нутагт нэг зовлон байдаг нь дэд бүтэц. Тиймээс орон нутгийн засаг захиргаатай хамтарч ажиллах шаардлага гарч байгаа.
-“Буянт-Ухаа” хороолол барилгын үйлдвэрлэлд шинэчлэлт авчирсан төдийгүй санхүүгийн боломж хомс зорилтот бүлгийнхэн , залуу гэр бүлд их дэм болсон. ТОСК-ийн байруудад орох гэж хүмүүс дугаарласаар байгаа. Ийм байхад яагаад санхүүгийн асуудалд уначихав, хямд үнэлгээтэй холбоотой юу?
-ТОСК Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан. Тэр мөнгийг буруу менежментээр зарцуулсан хэрэг. Яг үнэндээ “Буянт-Ухаа 1” хорооллыг барих мөнгийг Хөгжлийн банкнаас зээлээд түүнийгээ буцааж төлөлгүй “Буянт-Ухаа 2” хорооллыг үргэлжлүүлээд барьчихсан юм. Зүй нь эхний ажлаа дуусгачихаад дараагийнх руугаа явах ёстой байсан. Гэтэл бүгд рүү нь зэрэг ороод олон дутуу барилгатай болчихсон. Дутуу барилгыг хэн ч худалдаж авахгүй шүү дээ.
-Тэгвэл энэ алдааг засах боломж байна уу. Та залуу хүний хувьд ТОСК-ийг ямар зарчмаар удирдах вэ?
-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд орон сууцны салбарт чамгүй туршлага хуримтлууллаа. Тиймээс ТОСК дараагийн алхмаа хийх цаг болсон гэж бодож байна. Өнөөдөр Улаанбаатарт нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт орхигдсон. Тиймээс нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үнэндээ ТОСК барилгын компаниудын өрсөлдөгч биш. Бусад компанийн барьсан орон сууцыг зорилтот бүлгийн иргэд авч чадахгүй байна. Харин бид тэдгээр иргэдэд орон сууц нийлүүлдэг.
Нөгөөтэйгүүр бид өөрсдөө барилга барьдаггүй. Нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгчээ шалгаруулдаг. Үндсэндээ бид эрэлтээ ч дэмждэг, нийлүүлэлтээ ч дэмждэг байгууллага. Нарийндаа ТОСК хувийн хэвшлийг дэмжиж ажилладаг. Дээрээс нь бид Улаанбаатарын утааг барилгах үүднээс гэр хорооллын дахин төлөвлөлтөд ханцуй шамлан орж байгаа. Гурван байршил сонгочихсон, нэг хөдлөөд эхэлбэл богино хугацааанд үр дүнгээ өгөх боломжтой.
-ТОСК-ийн 10 жилийг эргэн дүгнэбэл ямар байх бол?
-10 жил гэдэг байгууллагын хувьд бага хугацаа. Гэвч бид чамгүйг амжуулсан. Анх “40 000 орон сууц” хөтөлбөрийг төр, хувийн хэвшил хамтран ажиллах замаар хэрэгжүүлж ажлаа эхэлсэн. Хөтөлбөрт хамрагдсан хувийн хэвшилийхний барилгын материал, түүхий эд, тоног төхөөрөмжийг гааль, татвараас чөлөөлөх замаар орон сууцны үнийг буулгаж байлаа. Жилд 2-3 мянган орон сууц ашиглалтад ордог байсныг 10 мянган айлын орон сууц болгон нэмэгдүүлж байсан.
Дараа нь төрийн албан хаагчдын “4000 айлын орон сууц” төслийн зээлийг олгосон. Энэхүү зээлийг 11 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатаагаар төрийн албан хаагчдад олгосон нь одоогийн ипотекийн зээлийн эхлэл байсан юм. Тухайн үед орон сууц худалдан авах бэлэн мөнгөтэй хүн байгаагүй. Банк жилийн 15 хувийн хүүтэй орон сууцны зээл өгдөг байсан. Үүнийг хоёр дахин бага буюу хүүтэйгээр олгож эхэлсэн. Зээлийн эргэн төлөлт 99 хувьтай гарч байлаа.
Мөн өөрсдийн хэрэгжүүлсэн хоёр том бүтээн байгуулалтыг дурдах учиртай. Тэр бол зорилтот бүлгийн иргэдэд зориулсан “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” хорооллууд. Эдгээр хорооллыг барих үед барилгын үнийн хөөсрөл дээд цэгтээ хүрчихсэн байсан. Харин бид орон сууцныхаа мКв-ийг нь 1.280.000, 1.350.000 төгрөгөөр зарж эхлэхэд орон сууцны үнэ бодит хөрсөндөө бууж эхэлсэн юм. Төрийн орон сууцны бодлогыг хэрэгжүүлж байгаагийнхаа хувьд бид хямд, чанартай орон сууц барихыг эрмэлздэг.
-ТОСК цаашид ямар төслүүд хэрэгжүүлэх вэ?
-ТОСК-ийн зүгээс барилгын салбараа дэмжсэн, иргэдийг орон сууцжуулах томоохон төслүүдийг цааш үргэлжлүүлэх болно. Тухайлбал, “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн төсөл байна. “Буянт-Ухаа 3” гэсэн ч төсөл бий. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долдугаар хорооллын “Г” хэсэгт газраа чөлөөлчихөөд, гадны хөрөнгө оруулалтаар орон сууц барихаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Аймаг болгонд 1000 айлын орон сууц төслийг үргэлжлүүлэн 21 аймагтаа хүрч ажиллах болно. Одоогоор эхний ээлжийн долоон аймагт орон сууц барьж байгаа. Түүнчлэн Яармагийн дөрөвдүгээр хороонд “Эко Яармаг” төслийг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Өвлийн улиралд хийх ажлуудаа төлөвлөөд дулаарахад цаг алдалгүй ажлаа эхлүүлэхээр зорьж байна.
Ярилцсан Д.ЦЭЭПИЛ