УИХ-ын чуулганы Баасан гаригийн /2016.12.23/ үдээс хойших хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, дэмжсэнгүй. Тиймээс хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хуулийн төслийг буцаав.
Хуралдааны явцад гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Аж ахуй нэгжүүдийг торгож байхаар яаж аж ахуйн нэгжээ дэмжих вэ гэж бодох хэрэгтэй. Харин ч 1,5 тэрбум хүртэлх орлоготой дөрвөн салбарын аж ахуй нэгжийн татварын хөнгөлөлтийн хуулийн төслийг эргэж оруулж ирээд, дэмжих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
-Өнөөдөр бодит байдал дээр хэрэглэгч хохирсон хойно гомдол гаргаж, шалгадаг процесс явагдаад байна. Тиймээс хэрэглэгч хохирохоос сэргийлсэн хуулийн зохицуулалтыг оруулж өгөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Сүүлийн 13 жилийн хугацаанд нийгэм хурдацтай өөрчлөгдөж байна. Гэхдээ хуулийн төслийг уншиж байхад утга санаа давхардсан, Монголын нөхцөл байдалд тохиромжгүй зүйл их байна. Тиймээс хэлэлцүүлгийн явцад засч янзлах зүйл байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед торгуул шийтгэлийг их оруулжээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Эдийн засгийн хямралтай үед өнөөдрийн бодит байдалд нийцэхгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилд ШӨХТГ иргэдийн гомдлыг шийдэх нэрээр бизнес эрхлэгчийг шантаачилж, хохироож байсан. Сүүлдээ ямар нэг асуудал гарахад О.Магнайд хэлнэ шүү гэдэг болсон. Гэвч ШӨХТГ-аас гарсан шийдвэр бодит үр дүнгээ өгдөггүй байсан. Тиймээс ийм хууль батлах цаг биш гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Хуулийн төслийг засч залруулаад хэлэлцээд явбал болохгүй юм байхгүй байхаа гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Энэ хуулийн 6 дугаар бүлэг нь бүхэлдээ хяналт шалгалтын асуудал байна. Сүүлдээ ШӨХТГ чинь мэргэжлийн хяналтын байгууллага шиг боллоо. Хэт хяналт шалгалтын байгууллага болгож хувиргасан байна. Тиймээс хуулийн төслийг дэмжихгүй байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
– Энэ хуулийн төсөлд 15 зүйл заалтаар 500 удаа торгох эрх олгож байна. Зарим барааны үнийг хуулийн дагуу тогтооно гэж байна. Энэ нь ямар нөхцөл байдлыг бий болгож байгааг та бүхэн мэдэх байна уу. Энэ хууль бол том аж ахуй нэгжид үйлчлэхгүй. Харин ЖДҮ-т ирж наалдах хууль байна. Тиймээс хуулийн төслийг хойшлуулах нь зүйтэй гэж хэлмээр байна. Энэ хуулийн төслийг дэмжээд явах юм бол бүх зүйл заалтыг нь засах шаардлагатай болно. Парламентад олон удаа суусан гишүүд бүх зүйл заалтыг нь засна гэж байдаггүй юм гэж хэлдэг. Бизнес эрхлэгч хоёр хүнтэй байсан ч, 2000 хүнтэй байсан ч хаах, нээх цагаа хуулиар зохицуулна гэж байна. Мэргэжлийн хяналтаас шалгалт хийвэл боловсон хүчний тоогоо гаргаж өг гэсэн заалт байна. Би Т.Аюурсайханыг шударга сайхан залуу гэж боддог. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд дэмжих боломжгүй. Өнөөдөр аж ахуйн нэгж цалингаа тавьж чадахгүй байна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
-Ж.Ганбаатар гишүүний эмзэглэж байгаа асуудалтай санал нэг байна. Хуулийн дарамт түмэн олонд хангалттай байгаа. Дахиад дарамтлах хэрэггүй. Гадаа 1200 ТҮЦ-ийг ачаад бөөн юм болж байна. Самарч байна. Хөхөө өвлийн хүйтэнд ТҮЦ-гүй болсон иргэд уйлж байна. Хуулийн төсөл дээр гадаад үг их ордог. Та бүхнийг хараад байхад ч гадаад үг их хэлэх юм. Тиймээс гадаад үг хэрэглэхгүй байх тал дээр анхаараач. Амнаас гарсан зүйл чинь үндэсний дархлаа болдог юм шүү. Үндэсний үйлдвэрлэл амнаас гарч байгаа нэг монгол үгнээс эхэлнэ. Тиймээс та бүхэн дараагийн хурал дээр монгол дээлээ өмсмөөр байна. Та өөрөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй юм бол мянган удаа эдийн засаг хямарсан гэж хэлээд ч хэрэггүй. Та бүхний эхнэр оёод өгдөггүй юм бол “Нарантуул” зах дээрээс цалингаараа дээл худалдаж аваарай. Дотор чинь монгол байгаа юм бол гаднаа Монголыг бий болгооч ээ. Дээл өмсөхөд юу нь болохгүй байгаа юм. Би хоёр дахь удаагаа сануулж байна шүү. Надад урилга ирсэн байна. Дахиад л баяр уу. Монголчууд чинь идэх хоолгүй сууж байхад дахиад л баяр уу? За ингээд дээрээ найраа зохицуулахгүй бол доороо хөлөө олохгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Ганболд:
-Бидэнд хууль хангалттай бий. Аж ахуй нэгжээ яаж дэмжих вэ гэдгээ яриад суухын оронд юун дахин, дахин шалгах вэ? Хуулийн төсөл түүхий байна. Өмнөх хуулийн төсөл дээр 107,108 засвар орсон. Энэ тохиолдолд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал дээр торгох эрхийг авч хаях хэрэгтэй. Манай гишүүдийн хэлж байгаа тоглолт хийлээ гэж ярьж байгаа нь үнэн шүү дээ. Бидэнд үүнээс өөр хэлэлцэх асуудал байхгүй юм уу. Цаана нь шил шилээ харсан маш олон хуулийн төсөл байна.
Үүгээр УИХ-ын чуулган өндөрлөв.