-Өчигдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 20 удаагийн газар хөдлөлт болжээ-
Өмнөговь аймагт өнөөдөр 3.8 магнитуттай газар хөдлөлт болжээ.
Тухайлбал, өглөөний 10.06 цагт Цогтцэций сумын Цагаан Овоо багаас зүүн урагш 10 километрт чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Уг чичирхийлэл өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ талаар тус аймгийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнээс тодруулахад “Өчигдөр өглөөний 09.38 цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ойр ойрхон давтамжтай 20 орчим удаагийн газар хөдлөлт боллоо” гэв.
Энэхүү чичирхийлэл нь Даланзадгад хотын газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд дунджаар 2.4-3.5 магнитут хүчтэй байжээ.
Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ “20 орчин удаагийн газар хөдлөлт нь уурхайн бүс нутаг буюу Эрдэнэс таван толгой, Энержи ресурсын уурхай орчимд болсон. Иймд Цогтцэций сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж ажиллаж байна. Яг одоогоор сумын тогийг хязгаарлаж, бүх барилга, орон сууцнаас хүмүүсийг гарган, уул уурхайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох ажлыг хийж байна” гэлээ.
Ойрын үед Өмнөговь аймагт газар хөдлөлт болоогүй бөгөөд одоогоор ямар нэгэн хохирол гараагүй байна.