Ж.Батзандан: Намын даргад нэр дэвшигчдээс 250 сая төгрөг авах гэж байгааг эсэргүүцэж байна

1444

f097e98848c65ae3original

АН-ынхан энэ сарын 6-нд зургадугаар Их хурлаа хийж намын даргаа ирэх хоёрдугаар сард сонгохоор болсон. Мөн намын даргаа бүх гишүүдийн санал хураалтаар сонгохоор болж, намын даргад бүх хүн өрсөлдөх эрхтэй боллоо хэмээн мэдэгдсэн. Тэгвэл, Ардчилсан намын даргын сунгаанд оролцохоо мэдэгдээд байсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан дөнгөж сая мэдээлэл хийж “Намын даргын сунгаанд оролцохыг хүссэн хүн бүр оролцох боломжгүй. Зөвхөн мөнгөтэй хүмүүс л оролцох боломжтой” гэв.

Тодруулбал, тэрбээр, АН-ын даргад нэр дэвшихэд 250 саяыг төлөх бөгөөд сонгуулийн нийт зардал нь хоёр тэрбум 500 сая төгрөг болох гэнэ. Уг нь намын Их хурлын дараа Дотоод сонгуулийн хороог 30 хүнтэйгээр шинэчлэн байгуулсан. Энэ хороо намын даргыг нийт гишүүдээс сонгох үүрэгтэй. Ардчилсан намын даргад ямар хүмүүсийг өрсөлдөлдүүлж болох вэ гэдэг асуудал нилээн маргаантай байгаа. Дотоод сонгуулийн хороо болон намын хуучинсаг хэсэг олигархи бүлэглэлийн зүгээс хавчин гадуурхах, намын шинэ гишүүдийн намын даргад өрсөлдөх үүд хаалгыг нь хаах гэсэн оролдлогууд явсан. Тухайлбал, удирдах албан тушаалд 10 жил ажилласан хүн намын даргад өрсөлдөнө гэсэн заалтыг нэмж өгсөн. Гэхдээ намын гишүүд энэ заалтыг хасч чадсан.

Сонгууль зохион байгуулах хорооноос Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсийн шалгуур үзүүлэлтүүдийг шинээр гаргаж ирсэн. Энэ шалгуур үзүүлэлтээр мөн л гишүүдийг ялгаварлан гадуурхаж байна. Тухайлбал, Ардчилсан намд ороод 5 жил болсон хүн хамгийн багадаа 250 сая төгрөгийг өгвөл намын даргад өрсөлдөх боломжтой гэж заасан байна” гэлээ. Мөн хэрвээ энэ дүрэм батлагдвал мөнгөтэй цөөхөн хүн л намын даргад өрсөлдөх боломжтой болох байх. Тиймээс энэ журмыг би эсэргүүцэж байна. Намын Их хурлаар намын гишүүд намын даргад нээлттэй өрсөлд гэсэн журмыг гаргасан. Гэтэл олигархиуд Их хурлаар гарсан дүрмийг дураараа өөрчилж байна. 2.8 тэрбумаар сонгууль зохион байгуулна гэж байгаа. Намын даргад нэр дэвшигчдээс 250 сая төгрөг авах гэж байгааг би эсэргүүцэж байна. Намын даргын сонгуулийг хуучин арга барилаар бус технологийн дэвшлийг ашиглаж зардал багатайгаар зохион байгуулах хэрэгтэй. Төрийн сонгуулийн саналыг бид хар машинаар тоолж байгаа. Гэтэл намын дарга сонгох сонгуулийн саналын хуудсыг гар аргаар тоолох гэж байна. Яагаад хар машиныг түрээсэлж болдоггүй юм” гэв.

-Та намын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн. Хэрэв 250 сая төгрөг өгөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэвэл та яах вэ?

-Яг өнөөдрийн байдлаар надад 250 сая төгрөг бэлэн гаргаж өгөх бололцоо боломж байхгүй. Энэ 250 саяын босго бол Ж.Банзандан шиг мөнгөгүй хүмүүсийн намын даргад өрсөлдүүлэхгүй гэдэг босго. Хэрэв заавал өгөх ёстой гэвэл Г.Батхүү шиг хүмүүс өрсөлдөх байх. Монгол орны өнцөг булан бүрт архи зардаг хүн нэр дэвших эрхтэй болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ утгагүй мөнгөний босгоо боль гэдэг шаардлагыг хүргүүлж байна. Ядаж 250 сая төгрөгийн дэнчинг багасгаж дор хаяж 100 сая болгох хэрэгтэй.

Т.Гэрэл