ШУУРХАЙ МЭДЭЭ: Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ огцрохоо мэдэгдлээ

496

park-geun-hye

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр /2016.11.29/ парламентдаа эрх мэдлийг нь ямар нэгэн эрсдэлгүйгээр шилжүүлэх талаар арга хэмжээ авч өгөх хүсэлтийг тавьжээ. Үүгээрээ тэрбээр ерөнхийлөгчийн суудлаас хугацаанаасаа өмнө буух болсноо мэдэгдэж байна. Тэрбээр “Миний бүрэн эрхийн хугацаатай холбоотой бүх шийдвэрийг би парламентад үлдээж байна” гэжээ.

Энэ баасан гаригт парламент БНСУ-ын ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэх аж. Сөрөг хүчнийхэн “Пак Гын Хэ тулган шаардуулахгүй, нэр төртэйгөөр огцрох хэрэгтэй” гэж үзэж байна.

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ сүүлийн саруудад үүссэн нөхцөл байдал, дуулиан шуугианы үеэр өмнө нь хоёр ч удаа олон нийтээс албан ёсоор уучлал хүсч, энэ бүхэн түүний сэтгэлийг өвтгөж байгаа талаар мэдэгдэж байсан ч огцрохоос татгалзаж байсан юм.

Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Шил өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн түүний улс төрийн шийдвэрт нөлөөлдөг байсан гэх дуулиан өдөр ирэх тусам улам ноцтой болж, БНСУ-ын сая сая иргэд улсынхаа ерөнхийлөгчийг огцрохыг шаардсаар байна.