Банкууд шүүх дээр ялагдлаа. тэд хууль бус шимтгэл, хураамжийнхаа мөнгийг эргүүлэн олгох ёстой

827

banki34

ШӨХТГ-ын хуучин дарга О.Магнай иргэдээс ирсэн гомдлын дагуу өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн нэр бүхий 13 банкийг шалгасан билээ. Ингээд тус газраас шалгаад манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо 0.5-1 хувийн шимтгэл авдаг байдлыг ШӨХТГ хууль бус үйлдэл гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, зээлийнхээ хүүнээс хангалттай ашиг олдог банкууд зээлээ өгөхдөө иргэдээс тодорхой хэмжээний шимтгэл, хураамж авч байгаа нь зүйд нийцэхгүй, зээл олгоход хураамж, шимтгэл авч буй үйлдэл нь “Өрсөлдөөний тухай” хууль болон “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай” хуулийн аль алийг нь зөрчиж байгаа хэрэг гэсэн.

Тодруулбал, Банкуудын одоо мөрдөж буй журамд зааснаар олгосон тухайн зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг. Жишээ нь, нэг тэрбум төгрөгийн зээл олговол нэг хувь буюу 10 сая төгрөгийн шимтгэл авна гэсэн үг. Харин хоёр тэрбум төгрөгийн зээл авбал хорин сая төгрөг болно. Үүнийгээ үйл ажиллагааны зардал хэмээн банкууд тайлбарладаг аж. Харин ШӨХТГ нэг тэрбум болон хоёр тэрбумын зээл өгөхөд үйл ажиллагааны зардал нь ийм ихээр зөрөх учиргүй, зээлийн шимтгэл харилцан адилгүй байх нь буруу гэж үзжээ.

Иймээс ШӨХТГ дээрх 13 банкинд хугацаатай шаардлага хүргүүлж, шат дараалсан арга хэмжээ авч, уг шимтгэл хэмээн авсан бүх мөнгийг иргэдэд буцаан олгохыг сануулсан юм.

Гэтэл энэ асуудал банкуудын эсэргүүцэлтэй тулгарч, арилжааны банкны эзэд уг шимтгэл нь хууль зөрчөөгүй хэмээн үзэж ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга асан О.Магнай “Бид Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т  заасан “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэснийг гол болгож байна. Энэ заалтын хүрээнд албан шаардлага хүргүүлсэн.

Харин банкууд зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан. Шүүх хуралд арилжааны банкуудыг төлөөлөн Монголын банкуудын холбоо оролцохгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан арилжааны банкууд хамтран хуулийн баг бүрдүүлж, шүүх хуралд оролцоно” хэмээн мэдэгдэж байв.
Ингээд анхан шатны шүүх хурал өнгөрсөн сарын сарын 23-нд болж Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус гэсэн шийдвэр гарсан юм. Ингэснээр арилжааны банкууд сүүлийн гурван жилд иргэдэд олгосон зээлийн шимтгэлийг буцаан олгоно гэсэн үг.

Банкуудын мөрдөж буй журмаар, нэг тэрбум төгрөгийн зээл авбал нэг хувь буюу 10 сая төгрөг, хоёр тэрбум бол 20 сая төгрөгийн шимтгэл авах жишээтэй. Ийм маягаар зээлийн нөхцөл бүрээс нэг хувь авснаа банкууд эргүүлэн төлөх болж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах боломжтой юм. Гэхдээ арилжааны банкууд өөрсдөө ШӨХТГ-ыг шүүхэд өгчихөөд өөрсдөө  “шүүх дээр өвдөг шороодсон нь ичгэвтэр. Тэгэхээр арилжааны банкууд одоо давж заалдах эсвэл, иргэдээс авсан хууль бус шимтгэлээ буцаан өгч, энэ сэдвийг хаах. Өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг залруулах.

Гэвч өнөөдрийн байдлаар банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа эсэх эргэлзээтэй байна.

Г.Уянга

Эх сурвалж: www.olloo.mn