Өнөөдөр буюу Даваа гарагийн өглөө Хойд Солонгосын Родон Синмун сонинд Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн дурсгалыг хүндэтгэж, гурав хоногийн гашуудал зарлаж байгааг мэдээлжээ.
Өнөөдрөөс эхлэн 30-ныг дуустал үргэлжлэх гашуудлыг зарлахдаа Баасан гарагт 90 насандаа таалал төгссөн Фидель Кастрог Солонгосын ард түмний “дотно найз нөхөр” хэмээн нэрлэсэн байна.
Гашуудлын үеэр төрийн гол байгууллагууд болон онцгой цэгт байгаа төрийн далбааг бөхийлгөх арга хэмжээ авна гэжээ.
Өчигдөр буюу Ням гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун уг эмгэнэлт явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан юм. Түүний мэдэгдэлд Фидель Кастрог “хүн ардынхаа аз жаргал, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд бүх амьдралаа зориулсан хүн” гэж магтсан байна. Мөн Кастрог хувьсгалч үзэл бодолдоо үнэнчээр хагас зууны турш тэмцэж ирсэн үлгэр жишээ нь манай үндэстнийг эргүүлэн нэгтгэх үйлсийг зоригжуулан хурцалсан юм гэжээ.
Хойд Солонгос нь Кубатай 1960 онд дипломат харилцаа тогтоож, элчин сайд нараа харилцан суулгах болсон. Фидель Кастро 1986 онд нэг удаа Хойд Солонгост айлчилж байжээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоны 55 жилийн ойгоор 2015 онд Кубын дэд ерөнхийлөгч Мигуэл Диаз Канел тус улсад айлчлан Ким Жон Унтай уулзаж байсан гэнэ.
Улсын удирдагчийг нас барахад гашуудлыг Хойд Солонгос даяар өргөн тэмдэглэдэг уламжлалтай. Хамгийн сүүлд Ким Жон Уны эцэг Ким Жон Илийг нас барахад гурван жилийн гашуудал зарласан нь 2011 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2014 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж байжээ.
Эх сурвалж: Russia Today